Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТЭН ЖАВАРТАЙ байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТЭН ЖАВАРТАЙ байна

Өнөөдөр /2022.11.27/ баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, нөгөөдөр буюу энэ сарын 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи маргааш буюу энэ сарын 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, энэ сарын 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Цаашдаа хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус хүйтэн, өдөртөө 30-35 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус хүйтэн, өдөртөө 25-30 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20-25 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус хүйтэн, өдөртөө 19-24 градус хүйтэн жавартай байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.