ТЭМДЭГЛЭЛ: “Гэрийнхэндээ хэлэхгүй самарт явсан нь улсын хэмжээнд эрэн хайх ажиллагаа болно гэж бодоогүй” /ФОТО/

ТЭМДЭГЛЭЛ: “Гэрийнхэндээ хэлэхгүй самарт явсан нь улсын хэмжээнд эрэн хайх ажиллагаа болно гэж бодоогүй” /ФОТО/

Дархан-Уул аймгийн иргэн 16 настай охин Б нь энэ оны арваннэгдүгээр сарын 4-ний /2022.11.04/ өдөр гэрээсээ “хог хаях”-аар гараад сураггүй алга болж, улмаар цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг олон хоног зохион байгуулсны үр дүнд ар гэрт нь хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл охиныг эрэн хайх ажиллагаа хэрхэн явагдсан талаар бид сурвалжиллаа.

Минжийн хангай

2022 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр: Дархан-Уул аймгийн иргэн 16 настай охин Б нь гэрээсээ “хог хаях”-аар гараад сураггүй алга болов. Улмаар ар гэрийнхэн нь өөрсдийн хэмжээнд эрэн хайж, цахим сүлжээнд эрэн хайж байгаа талаарх мэдээллийг түгээж эхэлсэн ч охиныг олоогүй. 

2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр: Цагдаагийн байгууллагад "Дархан-Уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь 2022 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээлэл ирүүлжээ. Улмаар цагдаагийн байгууллагаас дээрх мэдээллийн дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлжээ. 

Минжийн хангай

2022 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр: Цагдаагийн байгууллагаас охиныг эрэн сурвалжлах шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь 2022 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, 2022 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том автомашинтай самарт явсныг олж тогтоосон юм.

Улмаар цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд ажиллаж эхэллээ. Эрлийн баг сураггүй алга болсон охин болон түүнтэй хамт самарт явсан гэх иргэдийг ууланд харсан гэх гэрч О-той уулзахад "Б нь өөрийн найз болох Х болон түүний аав Ж нарын хамт Зил-131 автомашинтай Түнхэл тосгоны нутагт орших "Хөх чулуут" гэх газарт отоглон самар түүж байж магадгүй" гэх мэдээллийг өгчээ.

Эрлийн баг

2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр: Уг мэдээллийн дагуу эрлийн баг Дархан сумын Засаг даргын тусламжтайгаар бензин, хүнсний зардал болох 4.8 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлүүлэн Зил-131, Ланд-80 маркийн хоёр автомашинтайгаар өглөөний 09 цагт Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос Минжийн хангайн “Хөх чулуут” гэх газрыг зорьсон байна.

Ууланд цас их оржээ. Тиймээс ч автомашин нэг, хоёрдугаар араагаараа маш удаан явж байсан нь газар хорохгүй байгаа мэт санагдаж байсныг нуух юун. Тухайн газрын онцлог нь намгархаг, гол ус ихтэй бөгөөд зуны улиралд автомашин явах боломжгүй, харин өвөл газар хөлдсөн үед зөвхөн Зил-131, Урал зэрэг автомашин явах боломжтой байдаг талаар жолооч хууч хөөрч байлаа. Тухайн ууланд самар их ургаж, самарчид өвөл эл газрыг олноороо зорьдог аж.

2022 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр: Өмнөх өдрийн өглөөний 09 цагт Түнхэлээс гарсан эрлийн баг тухайн өдрийн өглөөний 05 цагт Минжийн хангайн “Хөх чулуут” гэх газарт ирлээ. Тухайн газар хэсэг хэсгээрээ байрласан 8 отог гарчээ. Отгоороо самарт гарсан иргэдээс сураггүй алга болсон гэгдэж буй Б болон түүнтэй хамт явсан иргэдийг сураглавал “тухайн отгуудад байхгүй” хаана отгоор гарсан гэх мэдээлэл олж дөнгөсөнгүй.

Тухайн үед эрлийн үзүүр мухардах вий гэх болгоомжлол, айдас төрж байжээ. Азаар тухайн отгоос нэлээд зайтай байрлаж байсан отгын самарчин эрлийн багийн хайж байсан нэр бүхий хүмүүсийг “Минжийн хангайн уул руу нэлээд дээшээ гарсан” гэх мэдээллийг өгчээ. Охины сураг баттай гарсан тул баярлах, догдлох басхүү хурдан уулзаж, эсэн мэнд байгааг нь харах юмсан гэх мэдрэмж төрж байжээ. Гэвч цаг нэгэнт орой болж, зам туулах боломжгүй болсон тул эрлийн баг отоглон хонов.

Минжийн хангай

2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр: “Хөх чулуут” гэх газраас 50 км замыг туулж, 11 цагийн орчимд охины байрлаж байсан отогт ирэв. Охин найз Х болон түүний аав Ж нарын хамт самарчдын хоол ундыг бэлтгэн байх аж. Эрлийн баг “Иргэн Б-ийн гэр бүлээс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж өгөх хүсэлт гаргаж, улмаар түүнийг ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр явж байгаа тухайгаа дуулгахад Б  нь “Ар гэртээ хэлээгүй гарсандаа харамсаж байгаа”-гаа илэрхийлэн хэн нэгэн хүчээр уул руу авч ирээгүй, буруу зүйл хийсэн гэдгээ учирлаж, өөрийн найз Х-ын ээжийн дулаан хувцсыг өмсөж ууланд ирсэн тул эрүүл саруул байгаа талаараа өгүүлжээ.

Харин түүнтэй хамт байсан найз Х-ийн аав Ж “Охиныг ар гэртээ хэлсэн гэж ойлгож байсан. Энэ тухайгаа ч бидэнд хэлсэн учир хамт ууланд ирсэн” гэдгээ тайлбарласан байна. Эрлийн баг нэгэнт эрэн хайж байсан охиноо олсон тул түүнийг ар гэрт нь хүлээлгэн өгөхөөр найзынх нь хамт уулнаас авч буухаар боллоо.

Эрлийн баг

2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр: Эрэн хайж байсан охиныг найзынх нь хамтаар уулнаас буулгах ажиллах явагдаж эхлэв. Идэр есийн хүйтэн эхлээгүй ч уулын жавар хацар хайрам тачигнаж, харгуй зам үл харагдах орчинд уулнаас бууж эхэллээ. Гэрчийн мэдүүлснээр “охин үнэхээр самарт явсан байсан болов уу, хэн нэгний хүчинд автаж, уул руу хараагүй байгаа, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс болж ямар нэгэн эрсдэл гараагүй байгаасай” гэх түмэн бодол, эргэцүүллийн дунд уул руу өгсөж явсан цаг үе нэгэнт ард хоцорч, охиныг аав ээжтэй нь эсэн мэнд уулзуулах нь гэх гэгээн бодол тээж, баярлаж явтал эрлийн багийн Ланд-80 автомашинд гэмтэл гарч, явах боломжгүй болжээ.

Нөгөөтэй эрэн сурвалжилж байсан охин анх тооцож байсан газраас хол зайд отоглож байсан учир шатахуун багасаж, зорьсон газартаа хүрэх боломжгүй болох нь гэх жолоочийг үг үнэхээр хатуу, муухай сонсогдсон байна. Тиймээс эрлийн багийнхан хамгийн ойрын сум болох Төв аймгийн Мөнгөнморьт сум руу Зил 131 автомашинтайгаа уулнаас бууж, тухайн сумаас сэлбэг хэрэгсэл шатахуунаа базааж, улмаар ууланд саатсан хэсэг нөхдөдөө тусламж хүргээд эргээд бүгдээрээ уулнаас бууж, Улаанбаатарыг зорьжээ.

Эрлийн баг

2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр: Эрэн хайж байсан охиноо олж, зорьсон хэргээ нэгэнт бүтээсэн багийнхан сэтгэл хангалуун Улаанбаатарт ирж, улмаар эрлийн багт ажилласан Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдыг нийслэлд үлдээгээд тус аймаг руу хөдөлсөн байна.  

Эрлийн баг

2022 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр: Эрлийн багийнхан тухайн өдрийн өглөөний 06 цагт сураггүй алга болсон гэгдэж байсан Б-г ар гэрт нь хүлээлгэн өгөв. Охиныг ээж нь “эсэн мэнд хүлээж авлаа” хэмээн гарын үсэг зурж, хүлээж аваад цагдаагийн байгууллагын хаалгаар гарч, гэрийн зүг явжээ.

Тухайн үед эрлийн багийнхан ямар хүнд замыг туулж, эцэст нь охиныг ар гэрт нь хүлээлгэн өгч байсныг харах тэрхүү торгон агшныг үгээр хэлж, үзгээр бичихийн аргагүй юм.

Ямартай ч догдлол, хайр, харамсал, халаглал төрж байсныг энд нуух юун. Магадгүй охин учир шалтгаанаа аав, ээждээ нуухгүй хэлсэн болбол хэчнээн зардал гарахгүй байсан байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийг ойлгох, харилцан ярилцах шаардлагатай байдаг гэдэг үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.