Э.Анударь: Багадаа телевизээр үзэж биширдэг байсан эгч нартайгаа нэг гэр бүл болоод тоглож байгаадаа баяртай байна

Э.Анударь: Багадаа телевизээр үзэж биширдэг байсан эгч нартайгаа нэг гэр бүл болоод тоглож байгаадаа баяртай байна

Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж буй. Тус тэмцээнд олон улсын чадварлаг тамирчдаас эхлээд өсвөр ирээдүйтэй монголын волейболын спортыг дэнслэгч шилдэг тоглогчид өрсөлдөж байгаа юм. Иймд энэ удаагийн Social ID буландаа Улаанбаатар VC клубийн залуу тоглогч спортын дэд мастер Э.Анударийг онцоллоо. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Эрдэнэсүхийн Анударь гэдэг. Дундговь аймагт төрж өссөн. Улаанбаатар клубийн тамирчин байна.

-Багтаа ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Улаанбаатар клубийн тамирчдын талаар дурдвал?

-Би өндрийн довтлогч хийдэг. Жоохон байхад зурагтаар үзээд “Ямар гоё эгч вэ” гээд үлгэр жишээ авч явдаг байсан эгч нартайгаа нэг гэр бүл болж хамт тоглож байгаадаа баяртай байгаа. Манай багт Булгаа эгч, Хандаа эгч гээд үлгэр жишээ авах хүмүүс олон байгаа. Өдөр бүр харж, хичээж, суралцаад явж байгаа.

-Хэзээнээс энэ спортоор хичээллэх болсон бэ?

-Анх мэдээ орж эхэлсэн цагаас аав ээжийгээ дагаж зааланд өнжөөд явдаг байсан. Тэгж байгаад анх хоёр билүү гуравдугаар ангидаа тэмцээнд ороод волейболын аз жаргалтай мэдрэмжийг мэдэрснээс хойш тасралтгүй тоглож байгаа.

-ДҮҮТЭЙГЭЭ ХАМТ УЛААНБААТАР VC КЛУБТ ТОГЛОХЫГ МӨРӨӨДДӨГ-

-Гэр бүлийнхээ тухай яривал? Бүгд спортын хүмүүс байдаг гэж сонссон?

-Манай гэр бүл волейболтой салшгүй холбоотой. Манай аав ээж хоёр одоо ерөнхий боловсролын сургуульд багшилдаг. Хажуугаар нь волейболын хүүхдүүдийг бэлдэж, аймгийнхаа нэрийг гаргаж улсын чанартай тэмцээнүүдэд оролцдог. Би эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Манай эмэгтэй дүү надаас гурван насны зөрүүтэй. Ер нь яг найзууд шиг хамт явдаг. Одоо Дундговь аймгийн волейболын шигшээ багт тоглодог. Төгсөж ирэхээр нь хамтдаа Улаанбаатар клубт тоглох гээд хүлээгээд байж байна.

-Одоо хаана суралцдаг вэ? Ямар мэргэжлээр?

-Би АШУИС -ийн хоёрдугаар курс. Их эмчээр суралцдаг. Спортын эмч юм уу. Сэтгэлзүйн эмч болно гэж боддог. Эмч гэдэг чинь хүний бие физиологиос гадна хүний сэтгэл зүйг бас эмчилдэг шүү дээ. Сэтгэлзүй гэдэг анзаарагддаггүй ч хүнд өвчин. Тиймээс сэтгэл зүйчээр явах уу. Спортоор явах уу гэж бодож байгаа.

-Чиний богино бичлэгүүдийг үзээд олон хүн сайхан сэтгэгдэл үлдээсэн байсан. Уншиж үзсэн үү?

-Мэдээж үнэхээр гоё санагдсан. Би аливаа зүйлд уйгагүй байвал байвал үр дүр гардаг юм шүү гэдгийг харуулахыг хүсдэг. Мөрөөддөг байсан. Тэгсэн миний тэр бичлэг нь доор зарим хүүхдүүд "Таныг хараад улам их хичээх хүсэл төрлөө" гэсэн байсан. Түүнийг хараад маш их баярласан. Улам их хичээх хүсэл төрсөн. 

-Волейбол тоглохдоо ямар зарчим баримталдаг вэ?

-Тоглолтын үеэр хурд, хүч, мэдрэмж гээд бүх л нөөцөө тултал нь гаргаж, дутаагаа нөхөж тоглохыг хичээдэг.  Ер нь тэгээд байгаа бүхнээрээ л хичээж, төвлөрч тоглодог доо. Бас багийн уур амьсгал мэдээж маш чухал. Бусдынхаа төлөө хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. 

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Энэ цаг хугацаа дахиж олдохгүй. Тийм учраас ер нь чөлөөт цаг гарвал гэр бүлийнхэнтэйгээ байхыг хичээдэг.

-Гэр бүлийнхэн нь тоглолтыг үздэг үү.

-Талбайд гарахад ард аав, ээж хараад суух гоё байдаг. Ер нь дандаа live-аар тоглолтуудыг маань үздэг. Ажилтай байж таараад үзээгүй үедээ оройн нь нөхөж үздэг. Тэгээд яриад “Ийм байна. Энэ дээр ингэсэн байна” гээд алдаа дутагдлаа ярилцаж араас минь маш их дэмждэг. Намайг ойлгож үргэлж урам өгдөг дөө.

-Лиг эхэлснээс хойш тоглолтыг нь ирж үзсэн үү?

-Одоогоор завгүй учир биеэр ирж үзээгүй байгаа. Манай бага өнөөдөр финалын шатанд тэнцсэн. Одоо ирж үзэж дэмжин гэсэн. Хүлээгээд л байж байна даа.

-Бидэнтэй ярилцсан чамд баярлалаа. Сурлага спортын өндөр амжилт хүсье?

-Та бүхэнд бас маш их баярлалаа.