Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилнэ.
Яг одоо "Хөтөл" ХХК цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас авсан зээлийн талаар хэлэлцэж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 44 дүгээр тогтоолоор 61.3 сая ам долларын зээлийг 5 жилийн хугацаатай олгох тухай “Зээлийн гэрээ”-г “Бейзмент” ХХК-тай байгуулсан байна. Зээлийн гэрээг үндэслэн Хөгжлийн банкнаас “Бейзмент” ХХК-нд 61.3 сая ам долларын зээлийг олгон, Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкны 39.6 сая ам долларын зээлийг дахин санхүүжүүлж, үлдэх төлбөрийг төслийн бүтээн байгуулалтад зориулан Худалдаа хөгжлийн банкны холбогдох дансанд шилжүүлсэн байна. Гэвч “Хөтөл” ХХК-тай байгуулсан “Зээлийн гэрээ”-нд 2 удаа өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн сунгасан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны аравдугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болжээ. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 61.3 сая ам доллар, хүүгийн төлбөр 45.6 сая ам доллар, нийт 106.9 сая ам долларын зээл, хүүгийн өрийн үлдэгдэлтэй байгаа аж.