Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад “Шүүхийн шийтгэсэн” С.Баярцогтын хэргийг Х.Баттулга эрх мэдэлгүй болсны дараа АТГ-ын саналаар Прокурор хэрэгсэхгүй болгон, цагаатгажээ

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад “Шүүхийн шийтгэсэн” С.Баярцогтын хэргийг Х.Баттулга эрх мэдэлгүй болсны дараа АТГ-ын саналаар Прокурор хэрэгсэхгүй болгон, цагаатгажээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ-аас ирсэн даруйдаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын мэдээлсэнчлэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг хууль зөрчиж, С.Баярцогтыг цагаатгасан уу гэдгийг нэхэн сурвалжиллаа. 

-ПРОКУРОРООС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН С.БАЯРЦОГТЫН ХЭРГИЙГ Х.БАТТУЛГА УЛСТӨРЖҮҮЛЖ, УДШ-ТЭЙ ХОЛБОВ-

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002  оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3  дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоосон. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

-УДШ ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ С.БАЯРЦОГТ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЖЭЭ-

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар 2022 оны долдугаар сарын 19-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцсэн байна. Хуулийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тус хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд “Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан.

Прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл болон 18.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй,  дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэж, С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байна.

Тиймээс АТГ-аас уг хэргийг дахин шалгаж, улмаар прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Товчхондоо, Улсын дээд шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хэргийг шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтад буцааж, улмаар прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Үүнээс үзэхэд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлтэй гэхээс илүүтэйгээр Ардчилсан намын даргын сонгуультай холбоотой байжээ гэх хардлагыг төрүүлж байна. Мөн хамгийн ноцтой нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхад С.Баярцогтод хорих ял оноосон бөгөөд түүнийг албан тушаалаасаа буусаны дараа С.Баярцогтыг цагаатгасан байдаг. Энэ бүхэн нь Х.Баттулга шүүхийг ашиглаж "хэлмэгдүүлэлт хийж байсан" байж болзошгүй гэдэг билээ.