Монголын хамгийн анхны олон улсад үзэсгэлэнгээ гаргаж, дэлхийн томоохон галерей, музейд өөрийн бүтээлээ дэлгэж, монголынхоо нэрийг дэлхийн урлагийн салбар дундаа өндөрт өргөж яваа УГЗ, Ардын зураач Ш.Чимэддоржтой ярилцлаа. Түүнийг “Морины Чимэддорж” гэдгээр нь урлагийнхан андахгүй бөгөөд Хон Конгийн “Хан Арт” галерейн цуглуулгад 200 гаруй бүтээлээ байршуулж чадсан нэгэн юм.
Тэрбээр ярилцлагын үеэрээ дэлхий дээр “Тамгагүй төр” жүжиг, “The Hu” хамтлаг шиг монгол морийг тамгалж үлдээхийг хүсдэг тухайгаа ярьсан юм.
ВИДЕО:
-Сайн байна уу. Таныг урлагийн салбар дундаа “Морины Чимэддорж” гэдгээр нь андахгүй сайн мэддэг гэгддэг. Монголд ч гэлтгүй бусад орнуудад адууны тухай сэдэвчилсэн уран бүтээл гаргадаг хүмүүс цөөнгүй. Таны хувьд онцлогоосоо дурдвал?
-Сайн байна уу. Миний онцлох зүйл бол би морь зурах дуртай. Дэлхий дээр “Тамгагүй төр” гэдэг шиг монгол морь гэдгийг тамгалахыг хүсдэг. Монгол морины хүч чадал, нүүдэлчдийн хэнээс ч шалтгаалахгүй амьдардаг амьдралын тухай зурдаг гэх үү дээ. Адуу бол амьдралаа эзнийхээ төлөө зориулдаг амьтан шүү дээ.Түүнийг л сэтгэлээсээ зурдаг тийм л уран бүтээлч байгаа юм.
-Таныг Монголын хамгийн анхны олон улсад үзэсгэлэнгээ гаргаж байсан уран бүтээлч хэмээн онцолдог юм билээ. Тухайн үеийн түүхээс хуучлаач?
-Би чинь 20 настайгаа эхэлж зурж эхэлсэн. Одоо 40 төрийн нүүрийг үзлээ. 1991 онд Монголоос анх удаа Голланд, Германд үзэсгэлэнгээ дэлгэж байлаа. Түүнээс хойш гадаадад үзэсгэлэнгээ олон удаа гаргалаа. Хамгийн сүүлд оны өмнө Солонгост үзэсгэлэнгээ гаргачхаад ирсэн. Бид олон улсаас сурах юм их бий гэж хэлдэг цаг өнгөрсөн байна билээ. Урлагийн салбарт бид хэнээс ч дутахааргүй болсон. Илүү байна уу гэхээс дутахааргүй чадварлаг байна. Гол нь ганц нэгээрээ хичээгээд л байдаг. Нэгдэж чадвал маш их боломж байгаа гэдгийг л бусад улсаас харах ёстой байх. Олон улсын томоохон музей, галерей худалдаж авсан уран бүтээл надад олон бий. Томоохон галерей бүтээлийг нь худалдаж авна гэдэг зураач хүнд маш том шагнал. Анхны мэдрэмж болгоныг би хэзээ ч мартдаггүй. Эргээд харахад сайхан үе их байж. 1990-иэд оноос бид чинь бужигнаж эхэлсэн шүү дээ. Зургаа бариад л ийш тийшээ гүйгээд үзэсгэлэн гаргаад тэгсээр байгаад одоо 21-р зуун гарчихсан байна. Энэ зуунд виртуал орон зай, виртуал ертөнцийг ашиглаад өөрөө байхгүй мөртөө байгаа юм шиг тийм гайхалтай зүйлийг бий болгож байна. Урлагийн амьдрал тэр чигтээ энэ орон зай руу шилжиж байгаа цаг үед би дахиад суралцаад амьдарч байна даа./инээв/
-Таны багш гэж ямар хүн байсан юм бэ?
- Миний багш чинь бол дэлхий дээр байгаа бүх л зураачид шүү дээ. Тэр дундаа надад хичээл зааж байсан Монголын цаг үеийн алтан зураач н.Гаваа гуай, н.Гомбосүрэн гуай, н.Жамсран гэх мэт гар дээр нь өссөн тийм зураачид бий. Хүн болгоноос л суралцана л даа.
-Шавь гаргаж байв уу?
-Шавь цөөхөн байгаа. Ер нь би нээх багшилж байгаагүй. Багшаа гэдэг хүн зөндөө л дөө. Гадаад дотоодгүй л байгаа.
-Сүүлийн үед NFT ашиглаж өөрийн бүтээлээ үнэлж, өмчилж, техник технологийг утгаар нь ашигладаг болсон байна шүү дээ. Таны хувьд шинэ эрин зуунтай хэрхэн уран бүтээлээ холбож байна вэ?
-Би бас NFT-гээ хийлгэж байсан анхны зураач байгаа юм. Түүнийг хэд хэдэн зураг, уран бүтээл дээрээ хийсэн. Янз бүрийн баримал ч бас хийсэн. NFT чинь янз бүрийн койн, биткойноос тэс ондоо. Мөнгөтэй огт холбоогүй мөртөө ирээдүйд уран бүтээлчдийг эдийн засгаар нь дэмжиж өгөх маш чухал эд гэж хэлж болно.
Түүгээр миний уран бүтээлийг дэлхийн аль ч өнцгөөс харж болно, үзэж болно. Бүр дундуур нь яваад харж болно л гэсэн үг. Нөгөө талдаа мөн архив гэсэн үг. Хүн төрөлхтний шинэ архивыг бий болгож байгаа зүйл. Одоо тэгээд улам сайжран шүү дээ. Дээр дурдсанчлан оны өмнө Солонгост үзэсгэлэнгээ гаргах үед тэнд оюуны өмчийн тухай NFT-тэй холбогдуулаад том том хуулиуд шинээр санаачилж гаргаж байна. Тэд нар чинь хамгийн түрүүнд юу барьж авах вэ гэдгээ мэддэг улсууд байхгүй юу. Бид нар дандаа хоцорчихдог. Моод монголоор дуусна гэдгийг аягүй их баримталдаг улс шүү дээ манайх. Манайд ч мөн ийм зүйл хэрэгтэй. Тун удахгүй Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийг мөн гаргахаар болсон. Монголын эзэнт гүрний түүхийг энэхүү жүжгээр ертөнц дээр тамгалж байна гэсэн үг байхгүй юу. Энэ маш сайн зүйл.
-Ямар үед бүтээлийн шинэ санаа илүү төрдөг вэ?
-Уран бүтээлийн санаа бол унтаж байхад л орж ирнэ. Зүүдлээд босоод л юу ч хамаагүй хараад л... Уран бүтээлч хүн бол хайгаад байдаг тийм юм байдаггүй л дээ. Юунаас ч хамаагүй байж болно. Гутал хэвтэж байлаа гутлын хажууд унасан сүүдрээс гоё юм ургаж гарч ирнэ. Тэгж орж ирэхээс биш “гоё юм хийх юмсан” гээд бодоод л бичээд байдаггүй юм миний хувьд.
-Та тэгвэл яг дээрх шиг санаа олж авсан нэг уран бүтээлээ танилцуулаач?
-Миний “Хаадын хаан” гэдэг нэртэй энэхүү бүтээл байна. Нэг өдөр Тэрэлжид морьтой явж байсан чинь яг хажууд байсан чулууг хартал нарны гэрлийн ойлтоор хүн дүрстэй харагдсан юм. Тэгэхээр нь шууд морио хаячхаад багажаар зүстэл хар өнгө дотроос нь гарч ирсэн. Олдвор шиг л харагддаг бүтээл дээ. Дээшээ тэнгэр рүү харсан байдал дээр тулгуурлаад “Хаадын хаан” гэх нэрийг өгсөн дөө. Надад ёстой бурхнаас өгсөн ийм чулуу байхгүй юу.
-Таны хувьд тайз дэлгэцийн зураачаар ажиллана гэж бодож байсан уу. Тэр салбар руу орж байв уу?
-Ёстой үгүй шүү дээ.Тайз, дэлгэцийн зураг гоё л доо. Энэ чиглэлээр явдаг ч байж уу гэж хааяа бодох үе бий бий. Би чинь бол уг нь жүжиг, концерт их үздэг. Агуу Пикассо хүртэл жүжиг хийж байсан шүү дээ. Жүжгийн зохиол, жүжгийн хувцас, өөрийнх нь юм зөндөө л байдаг. Тиймээс урлагийн хүн болохоор тэр юм уу надад бодогдох үе байсан.
-Сүүлийн үеийн уран бүтээлчид бусдаас хуулбарлах асуудал бас их яригдах болсон. Энэ тухайд?
-Зураач хүн бол дотроо найруулдаг уран бүтээлийнхээ төлөө боддог, шөнө зүүдэлдэг байх ёстой. Дотроо бүтэн жил боловсруулж байгаад гаргах үе ч бий. Тэрнээс биш олон зураг цуглуулаад л гадаадын зураачдын зургаас харж байгаад энэ тэнд оруулчихаар тэр бол АМЬГҮЙ л гэсэн үг. Зураг бүр давтагдашгүй амьд байх ёстой юм шүү дээ.
-Таны хувьд уран бүтээл дээр хэр удаан суудаг вэ?
-Хэлж мэдэхгүй. Нэг мэдэхэд дуусчихдаг. Эсвэл дутуу орхисон бүтээлүүд ч бий.
-Ярилцсанд баярлалаа.