Зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн "Ялгуун" брэндийн зургийг хуулбарласан иргэнийг 500 мянгаар торгожээ

Зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн "Ялгуун" брэндийн зургийг хуулбарласан иргэнийг 500 мянгаар торгожээ

“Ялгуун Аксесорис” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээл болох “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглаж, худалдан борлуулсан зөрчил илэрчээ. 

Улмаар Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, иргэн О-г холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шалгалтын явцад тухайн иргэн нь “Залбирал”, “Бүрээ хатан” уран зургийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарласан бүтээгдэхүүн цүнхийг бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдсон тул зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хурааж, 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Зохиогчийн эрхийн зөрчилтэй үндэслэлээр хураагдсан цүнхийг устгуулахаар нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн талаар Оюуны Өмчийн Газраас мэдээллээ.