Г.Эрдэнэбат: Сошиал орчинд иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж, хязгаарлах эрхийг энэ хуулиар "төр өөртөө" авч байна /ВИДЕО/

Г.Эрдэнэбат: Сошиал орчинд иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж, хязгаарлах эрхийг энэ хуулиар "төр өөртөө" авч байна /ВИДЕО/

Өнгөрсөн баасан гарагт /2023.01.20/ УИХ-ын чуулганы хуралдаанаар “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг баталсан. Тус хуулийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнгөрсөн лхагва гарагт /2023.01.18/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, пүрэв гарагт /2023.01.19/ -т Байнгын хороогоор дэмжүүлж баасан гарагт яаралтай горимоор батлуулсан нь энэ юм.

Яаран баталсан тус хуулийг өнгөрсөн өдрүүдэд олон нийт шүүмжилж, МАН-ыг хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд бүдүүлгээр халдлаа гэсэн юм. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус хуульд хориг тавихыг иргэд шаардсаар байна. Учир нь тус хууль батлагдсанаар, "Иргэдийн фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд оруулсан зураг, постыг төрөөс хянаж, устгадаг болох нөхцөл" бүрдээд байгаа юм. Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч асан, хуульч Г.Эрдэнэбаттай ярилцлаа.  

ВИДЕО:

-ИНГЭЭД Л ХААЖ, ХЯЗГААРЛАХ НЬ...-

-“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд иргэний үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг цензурдсан байж болзошгүй заалтууд орсон талаар  иргэд шүүмжилж байгаа. Та тэр заалтуудын талаар мэдээлэл өгөөч?

-Хүний эрхэнд халдсан, үзэл бодлыг цензурдсан хууль болсон. Яг энэ агуулгаар олон нийттэй санал нэг байгаа. За яахав, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нэрээр бусдын нэр төр, алдар хүнд, аюулгүй байдалд халдаж, гэмт хэрэгт уриалж болохгүй, терроризм, садар самуун, дайн байлдаан, салан тусгаарлалт зэрэг туйлширсан үзлийг олон нийтийн сүлжээнд сурталчилж болохгүй нь зөв. Ер нь олон нийтийн сүлжээнд хүний эрх тэр дундаа хүүхдийн эрхийг зөрчсөн сөрөг үйлдлүүд гардаг. Энэ ч үүднээс нийгмийн сүлжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлж олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ бий юу гэвэл. Гэхдээ энэ нэрийн дор сошиал орчинд иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хааж, хязгаарлах эрхийг энэ хуулиар төр өөртөө олгож байна. Миний хувьд тус хуулийн олон заалтыг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ эдгээрийн нэрийн дор бяцхан зальтай заалт оруулчихаж байгаа юм.

Тухайлбал, хуульд “Мэдээлэл нийтлэгдсэн олон нийтийн нөхцөл шаардлагыг зөрчсөн” гэсэн заалтыг оруулсан байна. Энэ яадаг, ямар учиртай заалт юм бол гээд үзэхэд үнэн хэрэгтээ “Юу ч байж болно” гэхээр байгаа юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам үндсэндээ өөрийн хүссэнээр нэмж, хасч өөрчилж болохоор зальтай заалт. Тэгээд л энэ заалтаар зарим контентын агуулга, санааг мушгиж хааж болохоор байна шүү дээ. Хуулиараа зөрчилтэй контентыг түгээхийг хориглож, хаах эрхийг төр дэргэдээ авсан. Ингээд л хааж, хязгаарлах нь. Ялангуяа төр засгийг шүүмжилсэн контентыг хязгаарлахаар байна. Тэгээд хааж боож ач холбогдлыг нь алдагдуулсны дараа тухайн контентыг дахин нийтлээд яахав дээ.

Зөрчилтэй контентыг хэн хаах вэ гэхээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Кибер халдлагатай тэмцэх төвийн дэргэдэх Олон нийттэй харилцах нэгж нь хариуцна. Тэгэхээр мэдээллийн асар их хурд, эргэлтийн үед төрийн нэг байгууллага нь “Үүнийг гаргаж болохгүй” гээд хаах нь байна. Энэ тохиолдолд иргэн “Миний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлалаа” гэж заргалдаад хаа хүрэх вэ дээ. Хаана ч хүрэхгүй.

Тэгээд дээрх заалтуудынхаа талаар их зальтай тайлбарыг хийж байгаа. Тодруулбал, “Энэ нь фэйсбүүк, твиттер, инстаграмын шаардлага” гэж тайлбарлаж байна. Гэтэл үнэн хэрэгтээ, фэйсбүүк л гэхэд 300 мянгаас дээш хэрэглэгчтэй бол төлөөлөгчийн газраа ажиллуулдаг. Төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг бүрэн болон хэсэгчилж хэрэгжүүлдэг. Манай төр үндсэндээ фэйсбүүкийн өмнөөс шийдвэр гаргах эрхийг шилжүүлж аваад олон нийтийн сүлжээнд хяналт тавих боломжийг энэ хуулинд хийсэн. Хуулийг уншвал олон гоё заалт бий. Сайн байна. Гэхдээ учир битүүлэг, тодорхойгүй зүйлээ тодорхой болгох ёстой байсан. Олон нийтийн сүлжээний нөхцөл шаардлага гэж юу яриад байгаа юм. Фэйсбүүк, твиттер өөрөөс тавигдах шаардлагыг зөрчсөн хүмүүсийн хаягийг  хааж л байдаг шүү дээ. Ийм байхад манайх дунд нь яах гэж Олон нийттэй харилцах алба нэгж гэж байгуулах гээд байгаа юм бэ. Энэ нэгжийг яаж байгуулахыг төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч шийднэ гэж байгаа боловч яг үнэндээ ажиллах журмыг нь л Хүний эрхийн комисс, Цахим хөгжил харилцаа холбооны яам хамтран боловсруулах юм байна лээ. Хэн яаж ажиллах нь ч тодорхойгүй. 

-Энэ хуулийг баталсан нь хаврын жагсаалын үеэр иргэдийн сошиал мэдээллийг хянах зорилготой гэж хардах хүмүүс байна. Ер нь ямар зорилготой баталсан гэж та харж байна вэ?

-Ямар зорилготойг мэдэхгүй. Энэ чинь юуг  ч хааж болно гэж уншигдаж байна шүү дээ.

-Маш ноцтой гэж  дүгнэх гээд байна уу та?

-Ноцтой гэж хэлэхээс илүү ямарваа нэг зүйл бичихээр нь “Таалагдахгүй байна” гээд хаах нь байна. Үүнээс хараад хүмүүст юу бодогдож байгаа нь чухал шүү дээ.  Олон нийттэй харилцах нэгж контентыг хаагаад 72 цагийн дотор шийднэ гэх хариуг иргэнд өгөөд байж байх хооронд иргэний мэдээллийг агуулга суларна шүү дээ.

-ЗӨРЧИЛТЭЙ КОНТЕНТЫГ МАНАЙ ЭНЭ ХУУЛЬТАЙ, ХУУЛЬГҮЙ ФЭЙСБҮҮК, ТВИТТЕРИЙН ҮНДСЭН БАЙГУУЛЛАГА НЬ ХААДАГ-

-Үүнийг та ухралт гэж харж байна уу?

-Ямар олиг байхав дээ. Зөрчилтэй контентыг фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтин сүлжээний үндсэн байгуулга нь өөрөө хаадаг нь манай энэ хуультай, хуульгүй хэрэгжих ажил.

-Захиалгаар сэтгэгдэл бичдэг троллуудтай энэ хуулиар тэмцэнэ гэх тайлбарыг хууль санаачлагчдын зүгээс хэлж байгаа. Гэтэл хуулинд тролл гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй байгаа биз дээ?

-Нэг ч тийм үг, өгүүлбэр байхгүй. Мөн “нийтлэсэн контентыг олон нийтийн сүлжээнд бусад этгээдэд дамжуулах” гэх өгүүлбэр бий. Энэ нь иргэний захидал бичиж, жиргээ хийхийг л хэлээд байна шүү дээ. Түүнээс хүнийг хэл, амаар доромжлох тухай заалт байхгүй. Сонгууль зэрэг эгзэгтэй цаг үед хаах нь л дээ.

Жишээлбэл, аюултай малгай үгнүүд бий л дээ. Тухайлбал, иргэнийг нэр төр, алдар хүнд, үзэл бодол, үндэс угсаа, арьсны өнгө, хэл соёл, шашин шүтлэг, нийгмийн гарал угсаа, бэлгийн хүйсийн  чиг баримжаа, нийгмийн гарал байдал, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлах мөн салан тусгаарлалт, дайн самуунд уриалахыг хориглоно гэсэн ухагдахууны хүрээ хэр өргөн байх нь тодорхой биш байна. Хүмүүс үндэс угсаатай холбоотой нэг өгүүлбэр бичихэд л “Хоёр үндэстэнг муудалцуулж, үндэс угсаагаар нь ялгаварлаж байна” гээд хаах юм уу. Яг аль хүрэхээр дайсагнуулсан, ялгаварлан гадуурхсан гэж үзэх юм. Энэ тохиолдолд Олон нийттэй харилцах нэгж л шийдэх нь байна шүү дээ. Тэд бусдын буруутай эсэхийг тогтоодог шүүх үү.

-Тус хуулийг их хурдан баталсан. Өөрөөр хэлбэл, олон нийтийн асуудлыг хуульчилж байж олон нийттэй зөвшилцөж асуугаагүй зэрэг асуудал мөн гарлаа?

-Засгийн газраас тус хуулийг энэ сарын 18-ны өдөр өргөн барьсан. Тэгээд 19–ны өдөр байнгын хороогоор хэлэлцэж 20-ны өдөр баталсан. УИХ-ын тухай хуулийн 21 дүгээр заалтад “Хуулийг яаралтай горимоор хэлэлцэж батлах тухай” заасан байдаг. Угтаа эдийн засгийн чухал асуудлаар Засгийн газар санал гаргавал УИХ яаралтай горимоор хэлэлцэж баталдаг.

Харин “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг хаанаас нь ч хараад “яаралтай хэлэлцэх ёстой” гэх үг, өгүүлбэр олж үзээгүй. Манай улс хууль батлах нарийн дэг журамтай. Хууль тогтоомжийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар төсөл санаачлагч нь хуулийг боловсруулаад олон нийтээр хэлэлцүүлдэг, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг авдаг. Энэ хуулийнхаа нийгэм эдийн засгийн үр дагаврыг тооцсон судалгааг хийдэг. Гэтэл үүнийг хэзээ гаргаж танилцуулах юм байгаа юм бүү мэд. Одоогийн байдлаар тус хуулийн бүх бичиг баримтад олон нийтийн санал дүгнэлт алга. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт болон тооцоо судалгаа байхгүй.

Хууль батлагдсанаар ямар эерэг болон сөрөг үр дагавар гарах суурь судалгаа  ч алга. Бусад хуулинд иргэдийн болон холбогдох байгууллагын санал шүүмжийг авсан баримт нь байдаг. Гэтэл энэ хуулинд байхгүй.

Сүүлийн үед хүмүүс төрийн хууль гэж их ярьдаг болсон. Монгол улсад төрийн хууль гэж үгүй. Харин Монгол Улсын хууль л гэж бий. Уг нь улс орны асуудал нь дарга түшмэдээс гадна иргэдэд хамаатай. Улс орон иргэдээс бүрддэг. Хүмүүс эрх ашгаа нэгдээд жижиг аж, ахуй нэгж, иргэний нийгэм, үйлдвэрчний эвлэл байгуулсан байуж болно. Энэ жижиг нэгдлүүдээс эхлээд төр засаг зэрэг бүгдийнх нь асуудлыг тэгш шударгаар зохицуулдаг учраас төрийн биш улсын хууль гэж нэрлэдэг. Улсын хуулийг батлахын тулд иргэдийг төлөөлж УИХ-ын гишүүдийг сонгодог. УИХ-ын гишүүд бол иргэдийн төлөөлөл. Тийм учраас иргэдийн саналыг сонсож байж хуулиа  батлах ёстой. Гэтэл сүүлийн үед ард иргэдээс ямар ч холбоо хамааралгүйгээр хууль баталдаг болчихлоо. Энэ нь тус хууль дээр их хурцаар харагдаж байна.

-ХҮМҮҮНЛЭГ АРДЧИЛСАН НИЙГМЭЭС УХАРНА ГЭВЭЛ БИ ЗӨВШӨӨРӨХГҮЙ-

-Таны хувьд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажилладаг. Энэ хуулийг хэлэлцэж эхлэхээс өмнө танай бүлэгт ирүүлсэн үү?

-Энэ хуулийг яаралтай горимоор хэлэлцэнэ гээд л шууд л өргөн барьсан. Уг нь бүх шатанд нь Ардчилсан намын бүлгийн гишүүд эсэргүүцсэн. "Засварлага авъя" гэхэд нь цөөн хэдэн хормын завсарлага хүртэл өгч даажигналаа шүү дээ. Эцэст нь эсрэг санал өгч, гарч мэдээлэл хийсэн ч хүч түрээд л баталчихлаа. Энэ хуулийн батлагдсан хувилбар нь хүний эрхийг, нийгмийн байдлыг асар ихээр дордуулж эрх чөлөөгүй болгож байна шүү дээ. Бид эрх мэдэлтнүүдийг шүүмжилж болохгүй болсон. Ямарваа нэгэн байдлаар нэг хүн, нэг нам руу хандвал нийгмийн тодорхой бүлгийн эсрэг чиглэсэн мэдээлэл гээд л хаах нь.

-Н.Энхбаяр Шинэ Үндсэн хуулийн хувилбарыг боловсруулж түүнийг нь олон нийтийн сүлжээнд хүмүүс хэлэлцэж эхлээд байна. Парламентыг хоёр танхимтай болгож, Бүгд найрамдах Монгол Улс болгоно гэх хувилбарыг Н.Энхбаяр боловсруулжээ. Үүнд та ямар байр, суурьтай байгаа вэ?

-Үндсэн хууль бол нийгмийн тогтолцоог л тодорхойлж өгдөг. Тогтолцоогоо өөрчилнө гэвэл Үндсэн хуулийг өөрчилдөг. Тэгвэл бид одоо Шинэ Үндсэн хуультай болж байгаа нь “Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм”-ийг болъё гэж байгаа юм уу. Тэгвэл би зөвшөөрөхгүй. Тэгээд ямар тогтолцоонд шилжих гэж байгаа юм. Надад хардлага байна. Үнэн хэрэгтээ, "Социалист нийгмийн тогтолцоотой болгоно" гэх мэдээллээр бидний анхаарлыг татаж байгаад сэмхэн юу өөрчлөх гэж байна. Тэр нь илүү сонирхол татаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой бүх мэдээллийг үг, өгүүлбэр бүрээр анхаарч унших ёстой.

-Ярилцсанд баярлалаа.