"Шинэ төмөр зам", “Сайншанд АҮ-ийн цогцолбор”-той Х.Баттулгын хүүхдүүдийн "Түмэн хишигтэн" ХХК оролцоотой байж магадгүй нөхцөл тогтоогджээ

"Шинэ төмөр зам", “Сайншанд АҮ-ийн цогцолбор”-той Х.Баттулгын хүүхдүүдийн "Түмэн хишигтэн" ХХК оролцоотой байж магадгүй нөхцөл тогтоогджээ

Хөгжлийн Банкны нээлттэй сонсголд "Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нарыг гэрчээр дуудна гэдгийг Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдэгдсэн билээ.

Харин уг асуудлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун мэдэгдэл гаргаж, "Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани Хөгжлийн Банкнаас зээл аваагүй. Нэр хүндэд халдсан тохиолдолд бид шүүхэд хандаж нэр хүндээ сэргээлгэнэ" гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүүхдүүд ямар шалтгаанаар Хөгжлийн банкны нээлттэй сонсголд гэрчээр дуудагдав гэдгийг сонирхлоо. 

-Х.БАТТУЛГЫН ХҮҮХДҮҮДИЙГ "ШИНЭ ТӨМӨР ЗАМ" ТӨСӨЛ, “САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ” ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙГООР ГЭРЧЭЭР ДУУДЖЭЭ-

"Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжилт /зээл/ авсан "Шинэ төмөр зам" төсөл, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах” төсөлтэй холбоотойгоор гэрчээр дуудахаар болсон талаар эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, дээрх төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон ч тухайн санхүүжилтийг үр дүнтэй зарцуулаагүй, зориулалтын бус зүйлд зарцуулсан байжээ. Үүнд "Түмэн хишигтэн" ХХК оролцоотой байж магадгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон учир Х.Баттулгын хүүхдүүдийг гэрчээр дуудахаар болсон аж. Учир нь "Түмэн хишигтэн" ХХК-ийг Х.Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин нар хувьцаа эзэмшдэг юм. 

-Х.БАТТУЛГЫН ЗӨВШӨӨРЛӨӨР 28.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАЖ АВСАН ЗЭРГЭЭС ХБ-НЫ ЗЭЭЛИЙН ҮР ДҮН ГАРААГҮЙ АЖ-

Тэгвэл тус төслүүд нь хэрхэн Хөгжлийн банкнаас зээл авав. Зээлийн хөрөнгөө юунд, хэрхэн зарцуулж байв гэдгийг сурвалжиллаа. Монгол Улсын Хөгжлийн банкнаас "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах" төсөлд 780 тэрбум, “Шинэ төмөр зам” төсөлд 224.4 сая ам.доллар, 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Гэвч тус төсөл хөтөлбөр нь амжилттай хэрэгжээгүй, хөрөнгийн зарцуулалт нь зориулалтын бус байсан зэрэг зөрчил илэрсэн аж.

Тухайлбал, төмөр зам барих төслийн 5 дугаар багцад 10.9 сая ам.долларын өртөгтэй “Хөдлөх бүрэлдэхүүний засварлах байгууламж” арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч Засгийн газрын 2010 оны “Зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг ашиглах тухай” 335 дугаар тогтоолоор “БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөс төмөр замын барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх зориулалтаар "China CSR Corporation Limited" компанитай Төмөр замын зам, засварын машин механизм худалдан авах гэрээ байгуулах” ыг тухайн үеийн Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад зөвшөөрсний дагуу 28.6 сая ам.долларын өртөгтэй гэрээ байгуулж, нэр бүхий тоног төхөөрөмжийг худалдан авсан байна. Дээрх шийдвэрийг тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гаргаж байжээ. 

Харин төмөр зам барих төслийн гэрээний үндсэн ажил эхлээгүй байхад 28.6 сая ам.долларын өртөгтэй, 65 ширхэг зам засварын тоног төхөөрөмжийг худалдаж авснаас дээрх хөрөнгө ашиглалтгүй, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд аваагүй, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцах боломжгүйгээс УБТЗ ХНН-д хариуцуулан хадгалуулж байсан байна. Мөн Барилга угсралтын ажил 2015 оны хоёрдугаар сараас хойш санхүүжилтгүйн улмаас зогссон тул “Шинэ төмөр зам” төсөлд зарцуулсан 224.7 сая ам.доллар, 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгийн үр дүн, үр ашиг гараагүй болох нь тогтоогджээ. Түүнчлэн тухайн зээлийг ТЭЗҮ хийгдээгүй, эргэн төлөлт нь тодорхойгүй байхад нь УИХ болон Засгийн газрын тогтоолыг үндэслэн олгосон байжээ. 

Үргэлжлэл бий...