ФОТО: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” Хөшөө, ТҮЦ-ээр дүүрчээ

ФОТО: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” Хөшөө, ТҮЦ-ээр дүүрчээ

Гадаадын аль ч хотод иргэд нь ногоон орчинд салхилж, хөдөлгөөн хийх зориулалттай цэцэрлэгт хүрээлэн хаа сайгүй байдаг. Харин Улаанбаатар хотод иргэд амарч зугаалах зориулалттай ганц байгаа нь талбай нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” юм.

АНУ-ын Орем хотын энгийн нэг цэцэрлэгт хүрээлэн. 2023 он

Улаанбаатар хотын "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн". 2023 он

-ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГЫГ УЛС ТӨРИЙН НАМ ТОМИЛЖ БАЙНА-

Баянзүрх дүүрэгт байрлах “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г 2009 онд байгуулж, өдгөө 14 жил болж байгаа ч хангалттай мод тарьж, ногоон орчин бүрдээгүй. Энэ нь цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагыг сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намаас томилдог нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй.

Тухайлбал, Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуулыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн захирлаар томилсноор тус газар ТҮЦ-ээр дүүрч, цэцэрлэгт хүрээлэн байх утгаа алдсан гэх шүүмжлэл гарч байв. Мөн 2020 онд тус хүрээлэнгийн талбайд “Хан талст” ХХК наран шарлагын цогцолбор барьж байхад нь усан толионд нь өсвөр насны дөрвөн хүүхэд живж амиа алдаж байв.

Энэ бүхний дараа Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуулыг чөлөөлж, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн Ү.Оюунзул хэмээх бүсгүйг томилсон.

Тэрээр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг МАН-ын дэргэдэх улс төрийн байгууллагуудыг дамжсан нэгэн аж. Мөн тэрээр “Ардын охин-Ардын хүч” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож, НИТХ-д сонгогджээ.  Товчхондоо, Улаанбаатар хотод ганц байдаг “Цэцэрлэгт хүрээлэн” зориулалтын дагуу хөгжиж чадахгүй байгаагийн цаана улс төрийн томилгоо нөлөөлөөд байж болзошгүй байгаа юм.

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байх хөшөөний зарим хэсэг. 2023

-ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХӨШӨӨ, ТҮЦ-ЭЭР ДҮҮРЧЭЭ-

Тэгвэл байгуулагдаад 14 жил болж буй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нь хангалттай ногоон байгууламжгүйн зэрэгцээ, гантай зун, намрын улирлаас зудтай өвлийг арай гэж давсан байгалийн өнгө төрхийг илтгэж, буу агсаж, цэцэг өргөсөн, хэн нь үл мэдэгдэх шашны бололтой хүмүүсийн хөшөө дурсгалаар дүүрчээ. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, “Амар тайван амьдралын төлөө”, “Economic police”, “Бид мартахгүй” гэх бичээстэй цагдаагийн хөшөөнүүд гадна юуг илтгэж байгаа үл мэдэгдэх араатан амьтныг арьс нөмөрсөн эрэгтэй, шашны бололтой залбирч буй хүний хөшөө гээд “мод” биш хөшөөний цуглуулга болжээ.

Товчхондоо, цэцэрлэгт хүрээлэнд иргэд амарч, эрүүл агаарт алхах бус ТҮЦ хэсэж, хөшөө дурсгал үзэж сонирхох цэнгээний газар гэлтэй болжээ.

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байх хөшөөний зарим хэсэг. 2023

Харин одоо дулааны улирал ирж байгаа тул иргэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд алхаж, хүүхдээ тоглуулахаар зорино. Гэтэл удалгүй шорлог, хуушуур гээд “утаа униар савссан” ил задгай хоолны үйлчилгээнүүд нь гараад ирнэ. Мөн чанартаа хүүхдийн тоглох орчин хамгийн аюулгүй байх ёстой байтал яг тоглоомын талбайн дэргэд түц, хөшөө дурсгалаар дүүрчээ.

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байх хөшөөний зарим хэсэг. 2023




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө