Эрдэнэс монгол ХХК-наас зарласан нээлттэй сонгон шалгаруултад өндөр авсан ч ажлын байранд тэнцэж чадаагүй иргэд тус компанийн захирал Наранцогтыг АТГ-т өгөх гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тус компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, давхардсан тоогоор 3400 иргэн хүсэлт явуулснаас 2084 иргэн шалгалтад орохоор болж, дараалсан гурван шалгаруулалтын дараа үр дүнгээ танилцуулсан юм. Үр дүнг ЭНД ДАРЖ харна уу. Тэгвэл уг шалгаруулалтад өндөр оноо авсан ч ажилд орж чадаагүй иргэдийн гомдол нэмэгдсээр байна. Иймд бид Эрдэнэс монгол ХХК-ийн ахлах менежер албан тушаалд тэнцэхээр сонгон шалгаруултад оролцож хоёрдугаар шатны бичгийн шалгалтдаа хоёрдугаар байранд орсон ч ажилд орж чадаагүй иргэн П.Лхамсүрэнтэй ярилцлаа.
ВИДЕО:
Түүний хувьд "Хамгийн өндөр оноо бүхий 70 онооны текстээр авсан шалгалтад 60 оноо авч тэргүүлсэн боловч ярилцлагын шатанд 10.6 оноо авч ажлын байргүй хоцорчээ. Мөн түүний хэлж буйгаар тус шалгалтыг өгөх эрхтэй болсон нийт 1215 хүнээс нэгдүгээр байранд жагссан хүн ярилцлагын шатандаа унаж, ярилцлагын шатанд сонгон шалгаруулалтын журмаараа тэнцэх ёсгүй хүн оролцож түрүүлсэн" гэдгийг хэлж байсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-Таны хувьд аль хэлтэст орохоор шалгалт өгсөн бэ. Аль шатанд нь өндөр оноо авч дээгүүр жагссан бэ?
-Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлан гэх зар хараад би шалгаруулалтад оролцохоор анкет өгсөн. Сонгон шалгаруулалт гурван үе шаттай. Эхний үед бүх бичиг баримт явуулсан хүмүүсийг шалгаж 1215 хүн тэнцүүлсэн. Ингээд хоёрдугаар шатанд 70 онооны бичгийн шалгалт авсан. Харин гуравдугаар шатанд ярилцлага авсан. Миний хувьд бичгийн шалгалтдаа хоёрдугаар байрт жагсаж гарч ирээд ярилцлагын шатанд унасан.
-Сонгон шалгаруулалтын журам зөрчигдсөн гэх асуудлын талаарх таны байр суурь?
-Миний ойлгож байгаагаар буюу цахим орчинд ил тод мэдээлснээр сонгон шалгаруулалтын журмыг Эрдэнэс монгол ХХК баталсан. Тус журамд компьютероор авсан шалгалтын оноогоор хамгийн өндөр оноо авсан эхний тав хүртэлх хүнийг ярилцлагын шатанд дуудна гэсэн. Энд сануулахад тав хүртэлх гэдэг бол таваас доош гэсэн үг. Ярилцлагын шатанд 30 оноо авах ёстой байсан. Ингээд 1215 хүн бичгийн шалгалтад оролцож А гэдэг хүн 61 оноогоор нэгдүгээр байрт, би нэг хүнтэй ижил оноо авч 60 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан. Гэхдээ бид гурвын харьяалагдах алба буюу орохыг хүссэн хэлтэс өөр байсан учраас үндсэндээ би нэгт жагсаж байна гэсэн үг юм.
Энд журам зөрчсөн нэг асуудал гарсан. Тухайлбал, шалгаруулалтын журамд 70 онооны шалгалтын хамгийн өндөр оноотой тав хүртэлх хүнийг ярилцлагын шатанд оруулна гэж байгаа шүү дээ. Гэтэл нэгдүгээр байрт жагссан А-гийн орох хэлтэст тав хүртэлх хүнийг авах ёстой байсан ч долоон хүн авсан. Эдгээр зургаа, долоодугаар байрт жагссан хүмүүс 50 гаруй оноотой байсан. Улмаар ярилцлагын шатанд ороод 5,6,7 дугаар байрт орсон хүмүүсийн нэг нь нэгдүгээр байрт орж нэгт байсан А ажилгүй хоцорсон.
Журмаараа 1-4 хүртэлх хүнийг л дуудах ёстой шүү дээ. Тэгсэн бол өдийд А гэдэг хүн ажилтай байх байсан. Харин миний шалгалт өгсөн дүн шинжилгээний хэлтэст тав зургаадугаар хүмүүс ижил оноотойгоор орж ирсэн байгаа юм. Ингээд надтай адилхан 60 оноо авсан хүн маань тэнцсэн. Гэхдээ энэ үед мөн би нэгдүгээрт байсан хэдий ч тэнцээгүй гэсэн үг. Энд журам дахин зөрчигдөж байна. Хамгийн гол нь би энд 1215 хүнээс нэгдүгээрт жагссан А гэдэг хүнд маш их харамсаж байна. 70 онооны шалгалт текстийн шалгалт байсан. Компьютероор авсан. Дурын асуултаа сонгож, компьютер өөрөө шигшээд авсан. Тэгэхээр энэ хүний мэдлэг шалгалтад орсон бүх хүнээс нэгдүгээрт жагссан. Гэтэл ярилцлагын 30 онооны шалгалтад ороод өөрөөс нь хавгүй бага оноо авсан хэн нэгэн хүнд 0.25 оноогоор ялагдсан. Би энэ хүнийг маш их гомдолтой байгаа байх гэж бодож байна. Хэрвээ энэ хүн АТГ, шүүхэд хандвал би дэмжинэ.
-Эндээс нягталж үзвэл бүх зүйл ярилцлагын шатанд шийдвэрлэгдсэн харагдаж байна. Харин ярилцлагын шатанд зөв буруу гэж оноо тавих зүйл байгаагүй. Тэгэхээр чухам ямар зүйлс ярилцав. Унагахаар гадаад хэл дээрх асуулт зэрэг шийдвэрлэх хүчин зүйл байсан уу?
-Үгүй ээ. Байгаагүй. Ярилцлагын шатанд ямар ч гадаад хэлээр юм асуугаагүй. Зүгээр л энгийн монгол хүмүүс хоорондоо ярьдаг шиг асуулт асууж хариулсан. Тухайн асуултад унахаар хариуллаа даа гэж би өөрийгөө бодоогүй. Магадгүй яагаад ийм оноо тавьсныг мэдэхгүй ч шалгалтын алба нэг тайлбар хэлэх л байлгүй дээ. Түүнчлэн ярилцлагын шалгалтад нэг хүнд 30 оноо тавих ёстой. Би үүнээс 10.6 оноо авсан хувиар тооцвол 34 хувь юм. Би энэ шалгалтад 34 хувьтай шалгууллаа. 34 хувийг оюутнаар жишиж бодвол даалгавраа хийдэггүй, хичээлээ тасалдаг, мэдлэггүй, шалгалтдаа унасан хүүхдэд тавьдаг шүү дээ.
-Биднийг энэ талаар бичих үеэр маш олон хүн ярилцлагын шатанд будилаан үүссэн гэх сэтгэгдлийг ирүүлж байсан. Таны хувьд энэ сонгон шалгаруулалт шударга бус болов уу гэх сэжиг, хардлага байгаа юу?
-Мэдээж байлгүй яах вэ. Хамгийн гол нь дээр дурдагдсан журам зөрчигдсөн. Шалгалтын үеэр 6,7 дахь хүнийг дуудахдаа боломж олгох үүднээс гэж хэлж байснаа эдгээр хүмүүс нь түрүүлж болох билүү. Миний хардаж буйгаар магадгүй энэ хүмүүс Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал эсвэл хэн нэгний хамаарал бүхий этгээд байх магадлалтай. Мөн 70 онооны шалгалтын компьютер авсан. Автоматаар бидний мэдлэгийг шүүж гаргасан гэсэн үг. Харин ярилцлагын шалгаруулалтыг хүн авсан юм. Тэгэхээр энд л будилаан, хуйвалдаан үүссэн байж болзошгүй гэх хардлага надад байна.