СОНГУУЛЬ 2020: Хотын тойргийг танаж, хөдөөгийн зарим тойргийг нэмнэ

СОНГУУЛЬ 2020: Хотын тойргийг танаж, хөдөөгийн зарим тойргийг нэмнэ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог МАЖОРИТАР байхаар тогтсон. Ингэснээр Сонгуулийн тухай хуулиа шинэчиллээ ч зөвхөн мажоритар систем буюу жижиг 76, том 76 тойргийн аль нэгийг сонгох хувилбар л үлдэв. Ингэхдээ эрх баригчид 2020 оны сонгуулийг 2016  оных шиг жижигрүүлсэн мажоритар системээр явуулахаар тохирсон гэх мэдээлэл байна.

-СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН НЭГ ТОЙРГИЙГ ХАСЧ,
ГОВЬ-АЛТАЙД НЭМНЭ-

Хэдийгээр сонгууль явуулах хувилбараа тогтсон ч тойргийн хуваарилалт, мандатын тоо зэрэг сонгуультай холбоотой олон асуудлыг тодорхой шийдвэрлээгүй үлдээсэн билээ. Эдгээр асуудлыг 2020 он гараад олон нийтийн өмнө ил тодоор ярилцаж эхлэх болов уу гэсэн хүлээлт байна.

Гэхдээ урьдчилсан мэдээллээр Улаанбаатар хотын тойргийг хасч, хөдөө орон нутгийнхийг нэмэхээр МАН дотооддоо ярилцаж байгаа аж.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн зургаан тойргоос хасч, Говь-Алтайн нэг тойргийг хоёр болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Тэр дундаа Б.Ундармаа гишүүний сонгогдсон тойргийг хасахаар ярилцсан гэх мэдээлэл байгаа юм. Говь-Алтайн тойргийг нэмэхгүй бол МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар тойргоо булаацалдан, аль хоёр жилийн өмнөөс зодолдоод эхэлчихсэн. Мөн бас, бус горилогчид Говь-Алтайд бий.  Тэгэхээр тус аймгийн мандатыг заавал нэмэх шаардлагатай гэж ярилцсан байна.

Ганц Сонгинохайран дүүрэг бус Баянзүрх, Чингэлтэй гэх мэт бүх дүүргийн тойргийг нэгээр хасч Сүхбаатар зэрэг хоёр мандаттай аймгуудыг тойргийг нэгээр нэмэх саналыг ярилцсан байна.

-УИХ-Д НЭР ДЭВШИХ ГОРИЛОГЧИД СОНГУУЛИЙН ЖИЛЭЭС ӨМНӨ ГАРЫН БЭЛЭГЭЭ ИРГЭДЭД ТАРААЖ ДУУСАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-

МАН-ынхан 2020 оны сонгуулийг жижигрүүлсэн мажоритар системээр явуулахаар эртнээс бэлдэж дор бүрнээ “тойргоо” усалсан. Энэ нь 2020 оны сонгуулийн жил гарахаас өмнө тойрогтоо бэлэг тараах, урлаг уран сайхны үйл ажиллагаагаар хангах, эмчилгээ оношилгоо хийх гэх мэт үйл ажиллагааг явуулж буйгаас нь тод харагдаж байна. Хэрвээ сонгуулийн жил гарвал горилогч нь сонгогчдод бэлэг тараах нь хориотой. Тиймээс тэд одоо өөр, өөрсдийн горилсон тойрогт ажиллаж байна.

Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн аравдугаар сард Говь-Алтай аймгийн бүх сумдад ажиллан иргэдтэй уулзалт зохион байгуулахын зэрэгцээ хошин урлагийн МАСК продакшны тоглолтыг үзүүлж, гарын бэлэг тараасан.

Түүнтэй адил Хотын дарга С.Амарсайхан Налайх дүүрэг рүү чиглэсэн үйл ажиллагааг аль өнгөрсөн жилээс явуулж иргэдийг Итгэлт-Хамба, Байгаль далай руу аялуулах болон бусад арга хэмжээ зэргийг явуулж байна. Энэ мэт МАН-ын гишүүд их мөнгө хаяж тойргоо усалсан учраас АН-аа тонгорч мажоритар системээр сонгуулиа явуулахаар Үндсэн хуулиар тогтоосон нь ийм учиртай билээ.