Монголбанкны мөнгөний бодлогын хороо 2023 оны эхний улирлын шийдвэрээр бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээхээр болжээ. Гаргасан шийдвэртэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.
Тэрбээр "Өнгөрсөн оны эхнээс өрхийн хэрэглээ сэргэж, гадаад худалдааны эрэлт нэмэгдсэн. Түүнчлэн БНХАУ-д “Тэг ковид” бодлогыг сулруулснаар тээвэрлэлт эрчимжиж, зарим гол нэрийн түүхий эдийн олборлолт, экспорт сүүлийн улирал сайжирсан үзүүлэлттэй гарчээ. Мөн хилийн хязгаарлалт суларсантай холбоотойгоор уул уурхайн олборлолт энэ оны төсөөллийг нэмэгдүүлж, эдийн засгийн цаашдын өсөлтийн төлөвийг сайжруулсан. Инфляц төсөөлж байсанчлан саарах хандлага үргэлжилж, энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 12.1 хувьтай гарлаа. Инфляцын түвшин саарахад импортын бараа, дотоод үйлчилгээний үнэ өнгөрсөн оны өвлийн саруудад өндөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Нийлүүлэлт, зардлын нөлөөгөөр инфляц цаашид тогтмол буурах магадлалтай ч эдийн засаг өсөж, төсвийн зардал өндөр байгаагаас хамаарч эрэлтийн инфляц нэмэгдэх эрсдэлтэй юм. Хилийн хязгаарлалт суларсантай холбоотой тээврийн зардал, импортын үнэ болон орцын зардал буурснаар дотоодын барааны үнийн өсөлт саарахад эергээр нөлөө үзүүлэв. Мөн шатахууны инфляц буурах төлөвтэй байна. Нөгөө талаас инфляц, валютын ханш, эрэлтийн хүчин зүйлсийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх эрсдэл бас бий. Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл, экспортын орлого болон бусад орох урсгалын нөлөөгөөр өнгөрсөн оны эцэст төсөөлж байснаас сайн үр дүнтэй гарсан. Цаашид түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдан экспортын орлого нэмэгдэх нь төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлөх боловч импортын дүн өндөр байж санхүүгийн дансны орох урсгал төдийлөн нэмэгдэхээргүй байна. Гэхдээ Засгийн газрын зорьж буй нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх, хилийн үнийн хувьд нүүрсний экспортыг биржээр дамжуулан борлуулах арга хэмжээний нөлөөгөөр илүү нэмэгдэх нөхцөл байдал үүсвэл төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулах боломжтой болно" хэмээлээ.