"Б.Бат-Эрдэнэ огцрох ёстой" гэж ярилцсан ТНБД нарын байр суурийг П.Сайнзориг илэрхийлсэн үү

"Б.Бат-Эрдэнэ огцрох ёстой" гэж ярилцсан ТНБД нарын байр суурийг П.Сайнзориг илэрхийлсэн үү

Сүүлийн өдрүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Э.Баттулга нарыг тойрсон асуудал нийгэмд олны анхааралд ороод байна. Учир нь Б.Бат-Эрдэнэ сайдын хууль зөрчсөн байж болзошгүй баримт мэдээллийг Э.Баттулга олон нийтэд ил болгож байж магадгүй байгаа. 

Иймд өчигдөр /2023.03.16/ БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үүсээд байгаа мэдээлэлд тайлбар хийхдээ, “Д.КёкүшюзанБатбаяр, дуучин Т.Баясгалан нар Налайхын уугуул иргэд учраас Горхи-Тэрэлжид газар авсан” гэж мэдэгдсэн юм. Гэтэл Монголын Улсын иргэн “уугуул”, “суугуул” гэж ялгаж давуу эрх эдлэх хуулийн зохицуулалтай байхгүй.

Иймд Б.Бат-Эрдэнэ сайдын энэхүү мэдэгдэлд Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Уугуул иргэд гэсэн хууль зүйн ойлголт одоогоор манай хууль тогтоомжид байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын харилцдаг "Viber" групп байдаг аж. Тус группэд өнгөрөгч Лхагва гараг /2023.03.15/-т Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдын албан тушаалаас нь огцруулах ёстой гэсэн яриа болсон байна. Энэ үеэр БОАЖ-ын ТНБД асан Э.Баттулга "та бүхэнтэй хамтарч ажиллахад сайхан байлаа. Бүгдэд нь амжилт хүсье" хэмээгээд тус группээс гарчээ.

Иймд Б.Бат-Эрдэнэ сайдын хийсэн мэдэгдлийн дараа ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг "уугуул иргэд гэж байхгүй" хэмээн мэдэгдсэн нь Төрийн нарийн бичгийн дарга нар Б.Бат-Эрдэнийг эсэргүүцэх болсны нэг илэрхийлэл байж магадгүй юм.