Д.Төрсүлд: "Өндрөөс аврах ажиллагаа" бол сэтгэл зүйтэй холбоотой ажил бөгөөд харамсалтай, эмгэнэлтэй мөчүүдийг л мартаж чаддаггүй /ВИДЕО/

Д.Төрсүлд: "Өндрөөс аврах ажиллагаа" бол сэтгэл зүйтэй холбоотой ажил бөгөөд харамсалтай, эмгэнэлтэй мөчүүдийг л мартаж чаддаггүй /ВИДЕО/

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш түүхэн цаг хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа төдийгүй төрийн бодлогын нэгэн чухал түшиг тулгуур, нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч гол хүчин байсаар ирсэн бахархам түүхтэй. Тэгвэл бид Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч, хөгжсөний 102 жилийн ой өдрийг тохиолдуулан НОБГ-ын аврах 105 дугаар ангийн ахлах ахлагч Д.Төрсүлдтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Зэвсэгт хүчин үүсч, хөгжсөний 102 жилийн ой мэнд дэвшүүлье. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулна уу.

-Сайн байна уу. Намайг Д.Төрсүлд гэдэг. НОБГ-ын аврах 105-р ангийн ахлах ахлагч цолтой. Нийт найман жил ажиллаж байна.

-Аврах ангийнхаа онцлогийн талаараа яриач?

-Манай аврах анги нь нийслэлийн хэмжээний бүх гамшиг, осолд тулж ажилладаг.  Нийслэлийн хэмжээний 26 дуудлагад буюу дийлэнхдээ зам тээвэр, өндрөөс аврах ажиллагаа, гол үер ус, химийн бодис, эргэл хайгуул, нуранги гэх мэт дуудлагад явдаг.

-Таны хувьд дийлэнхдээ аль чиглэлийн аврах ажиллагаанд явдаг вэ?

-Миний хувьд зам тээвэр, өндрөөс аврах ажиллагаа, гол үер ус, ахуйн ослын дуудлагад явдаг.

-Өнөөдрийн хувьд хоёулаа өндрөөс аврах ажиллагааны талаар ярилцъя. Тус ажиллагааны онцлог?

- Өндрөөс аврах ажиллагаа нь бүлгийн үйл ажиллагаа. Бүлэгтээ дөрвүүлээ, заримдаа тавуулаа байдаг. Бүлгийн гишүүд тус тусын үүрэгтэй оролцоно. Нэг нь иргэнтэй ярилцагч, нэг нь довтлогч, нөгөө хоёр нь аврагч, хамгаалагч гэж явна.

Үүнд гишүүд бүр өндөр үүрэг хариуцлага үүрч ажиллаж байгаа хэдий ч ярилцагч маш чухал. Тухайн иргэн ямар шалтгаанаас болж ийм үйлдэл хийх болов гэдгийг мэдэрч, тулж ажиллах ёстой л доо.

Хүний сэтгэц янз бүрийн шалтгаанаас болж өөрчлөгддөг. Жишээлбэл хайр дурлал, мөнгө санхүү гэх мэт өөр өөр шалтгаантай. Иймээс эрсдэлд байгаа иргэнтэй ямар сэдвээр ярилцахаа тооцоолж, мэдэрч ажиллахгүй л бол тухайн иргэн ойртуулахгүй, эрсдэлтэй зүйл байх магадлал өндөр шүү дээ.

-Энэ төрлийн гэмт хэрэгт аль насныхан дийлэнх өртөж байна вэ?

-Ихэвчлэн 20-35 насны залуучууд өртдөг.

-Бусад аврах ажиллагааг бодвол өндрөөс аврах бол цэвэр сэтгэл зүйтэй холбоотой гэж ярьж байсан. Ажиллагааны явцад харамсалтай үйл явдал тохиолдож л байсан байх. Энэ талаар та яриач?

-Аварсан хүний тоо гэвэл зөндөө. Тоолоод явалтай биш. Харамсалтай үеүд ч гарч байсан. Аварсан гэхээсээ илүү харамсалтай, эмгэнэлтэй мөчүүдийг л мартаж чаддаггүй.

Эмгэнэлтэй гэхээс илүү эрсдэлтэй нэг жишээ яръя. 11 давхар дээрээс сэтгэцийн өөрчлөлттэй залууг аврах дуудлагад очиж байсан юм. Тухайн үед уг залуу хутга барьчихсан ойртуулахгүй, үсэрчихсэн. Үсэрч байх хооронд нь нэг аврагчтай хамт бид хоёр талаас нь бүсэлж байшин дээрээс унжуулчихсан барьж авсан юм. Өөрсдийгөө эрсдэлд оруулах үе бидэнд зөндөө бий.

Мэдээж сэтгэцийн өөрчлөлттэй хүн чинь гарч ирээд аврагч руу дайрах ч юм уу, хутгалах ч юм уу тиймэрхүү тохиолдол гардаг. Иймээс эхлээд иргэнийг аюулгүй болгосны дараа ярилцаж, тайвшруулж дараа дараагийнхаа арга хэмжээг авдаг даа.

-Иргэдийг авран хамгаалсны дараа ар гэрт нь хүлээлгэж өгч, сэтгэл зүйчтэй ярилцуулж олон төрлийн арга хэмжээ авдаг юм байж. Харин авран хамгаалагчийн сэтгэл зүйтэй хэрхэн ажилладаг вэ?

-Сургалт, семинар гээд олон арга хэмжээг зохион байгуулдаг. Залуучуудын сэтгэл зүйг бэлдэхийн тулд ярилцлага ч хийдэг.

-Аврах ажиллагаанд тухайн иргэнээс гадна өөр ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

- Нийслэлийн хэмжээнд хамгийн хэцүү зүйл нь өндрөөс хүн унах эрсдэлтэй тул хийлдэг гудас тавих гэхээр доор нь бөөн машин таглачихдаг. Хийлдэг гудас дэлгэх боломжгүй. Энэ асуудал байнга тулгардаг.  Давхар давхраасаа шалтгаалаад гудаснууд ч өөр хэмжээтэй байдаг. Одоо бол нийслэлд барилгууд улам л ойртоод бүр хэцүү болж байна.

-Ийм хэцүү үеүд байдаг ч хүний алтан амь аварсны дараа өөрөөрөө бахархах сэтгэл төрнө биз?

-Тэгэлгүй яах вэ. Үгээр хэлэхийн аргагүй шүү дээ. Хүмүүсээс сайхан урмын үг сонсох гоё. Хүний алтан амь аварчхаад буцахад ар гэр, үр хүүхдүүд нь баярлалаа гээд тэр үгнүүдийг сонсоод л эрч хүч, ажиллах урам зориг авдаг даа.

-Ярилцсанд баярлалаа.