Сонгуулийн хуулийг тойрсон "жүжиг" буюу  эцэстээ Үндсэн хуулийг өөрчилж 152 УИХ-ын гишүүнтэй болох хувилбар яригдаж байна

Сонгуулийн хуулийг тойрсон "жүжиг" буюу эцэстээ Үндсэн хуулийг өөрчилж 152 УИХ-ын гишүүнтэй болох хувилбар яригдаж байна

Авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан сайд асан Т.Бадамжунайг “Шувуу” ажиллагаагаар Филиппинээс авчирсан үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын сонгуулийн хуулийг өчигдөр өргөн барив.

-МАН-ЫН ӨРГӨН БАРЬСАН ХУВИЛБАРЫГ БАТЛАНГУУТ АН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДАЖ, СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛНА-

Ингэхдээ МАН, ХҮН-аас “Холимог тогтолцооны 38:38 байх хувилбар”-ыг өргөн барьсан бол АН өөрсдийн боловсруулсан өөр хувилбарыг тусдаа өргөн барилаа. Тодруулбал, АН “Холимог тогтолцооны 48:28” гэсэн хувилбараар Сонгуулийн хуулийг өргөн барьсан юм. Хуулийг ЭНД ДАРЖ унших.

Намууд холимог тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулах, намуудын босгыг өндөрсгөх, эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх зэрэгт санал нэгдсэн. Харин тойрогт нэр дэвшүүлж, жагсаалтад бичих хувь дээрээ зарчмын хувьд зөрөлдсөн учраас тусдаа өргөн барьсан гэх тайлбарыг хэлж буй. УИХ-ын сонгуулийн хуулийн тус хоёр хувилбарыг УИХ-аар нэгтгэж хэлэлцэх бөгөөд зургадугаар сарын 20-ны өдрөөс өмнө батлах хуулийн шаардлагатай. Тэгвэл өчигдөр УИХ-ын сонгуулийн хуулийг өргөн барьсан үйл явдал цаашлаад ирэх өдрүүдэд явах процесс нь “жүжиг” байна гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байна.

Тодруулбал, МАН, АН, ХҮН нийлж байгаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд УИХ-ын сонгуулийн хуулиар халхавч хийж байгаа аж. Одоо цаашид процесс яаж үргэлжлэх вэ.

Хоёр тусдаа өргөн барьсан сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэлнэ. Хэлэлцүүлгийн явцад санал гаргаж АН-ын өргөн барьсан 48:28 хувилбарыг унагаж, МАН, ХҮН-ын 38:38 хувилбарыг дэмжүүлнэ. Энэ зорилгыг хэрэгжүүлүүлэхийн тулд Н.Энхболдыг ажлын хэсгийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилсон. Харин өөрсдийнх нь хувилбарыг дэмжээгүйд АН дургүйцэж, МАН, ХҮН-ын өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр тохирчээ.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХАРИУД НЬ "ДОР ХАЯЖ ТАВАН ЖИЛ ҮНДСЭН ХУУЛЬД "ГАР ХҮРЭХГҮЙ ШҮҮ" ГЭХ ТУЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙГАА АЖ-

Улмаар Үндсэн хуулийн цэц хүлээн авч маргаан үүсгэн Сонгуулийн хуулийг хүчингүй болгоно. Тэр үед дахин Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй байх болно. Учир нь “УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн өмнө сонгуулийн хуулийг өөрчилнө” гэх заалтыг зөрчинө. Зургадугаар сарын 20-ны өдөр өнгөрсөн байна гэсэн үг.

Нэгэнт хуулийн энэ хайчинд орох учраас намууд нийлж байгаад ирэх намар холимог тогтолцооны 76:76 гэсэн хувилбарыг Үндсэн хуульд оруулах аж. Процесс маш хурдан явагдана. Учир нь гишүүдийн тоо нэмэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй юм.

Ийм тохироог УИХ-д суудалтай намууд хийж, бэлтгэл болгон энэ өдрүүдэд “жүжиг” тоглож байгаа гэх. Харин хариуд нь Үндсэн хуулийн цэц "Дор хаяж Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй шүү" гэх тулгалтыг хийж байгаа аж.