Хятадын есөн хөлөг онгоц Тайванийн хилийн шугамыг давж, Тайван байлдааны бэлэн байдалд шилжлээ

Хятадын есөн хөлөг онгоц Тайванийн хилийн шугамыг давж, Тайван байлдааны бэлэн байдалд шилжлээ

Хятадын Ардын чөлөөлөх арми Тайванийн арал орчим цэргийн сургуулилт хийх үеэр Хятадын 71 онгоц тус аралд ойртож ирсэн тухай Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнийг BBC агентлаг эш татан мэдээлэв.

Ерөнхийлөгч Цай Ин Вэн АНУ-д айлчлаад буцаж ирснээс хойш хэдэн цагийн дараа Хятадын арми гурван өдрийн цэргийн сургуулилт эхлүүлж, Тайванийг бүслэх бэлтгэлээ хийж энэ ажиллагаагаа "хатуу сануулга" гэж нэрлэжээ.

Тайванийн Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлснээр, Хятадын 71 цэргийн онгоц, есөн хөлөг онгоц Тайваний хоолойн гол шугамыг давсан байна. Эдгээрээс 45 нисэх онгоц Тайванийн хоолойн дундын бүсийг нэвтэрч, Тайванийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн таних бүсэд оржээ. Энэ шугам нь Хятад, Тайваний газар нутгийг тусгаарлах албан бус шугам юм.

Мөн Хятадын Тайвантай хамгийн ойрхон цэг болох Пинтан арлын ойролцоо явж байхдаа хөлөг онгоцны нэг нь тавцангаасаа буудсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Харин Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэргийн сургуулилт нь "Тайвань арлын эргэн тойронд эргүүл, давшилтыг зэрэг зохион байгуулж, бүх талын бүслэлт, урьдчилан сэргийлэх байр суурийг бий болгоно" гэж мэдэгдэв. Иймд өчигдөр /2023.04.08/ Тайванийн Батлан хамгаалах яам арал орчим явуулж буй Хятадын цэргийн сургуулилтын тухай мэдээлж, Зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлийг байлдааны бэлэн байдалд оруулсан тухай мэдэгдлээ.