Хүчтэй нь хүчгүйгээ, их нь бага аа идэх зэрлэг байгалийн жамаар дөнгөж ангир уургаасаа салмагц эхээсээ төөрч, араатан идэштэнд хазуулж шархадсан бугын илий хонь бараадан айлын хотонд очиход, малчин нялх амьтны шархыг харж, саравчиндаа оруулаад тусламж хүсэж, Байгаль хамгаалагчид руу ярьсан байдаг. Ингэхдээ "би шархыг нь эдгэртэл саравчиндаа хонинуудтайгаа тэжээх гэсэн юм" хэмээн арга зүйн тусламж хүсжээ. Хэдийгээр хэлж, ярьж чадахгүй ч бугын илий хэчнээн их тайвширч баярласныг түүнийг сайн өсөж өндийснөөс нь харж болох биз ээ.
ВИДЕО:
ВИДЕО: Хээрийн амьтанд хөөгдөж, шархтсан бугын илийг малчин айл таван сар тэжээж эдгээгээд, сүрэгт нь тавьжээ https://t.co/BrQHsYzj8X pic.twitter.com/9g5DEAVauQ
— iSee.mn (@iSee_MN) April 13, 2023
Эхээсээ төөрч, эрүүн доороо шархтсан бугын илий зэрлэг амьтанд хөөгдсөн байдалтай малчин айлын хотонд ирж, малчин Г.Баасандорж мал сүргийн хамт саравчиндаа тэжээж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг Улаан-Өндөр гэдэг газарт 2022 оны арван дүгээр сарын 23-ний өдөр хээрийн амьтан /чоно, үнэг зэрэг махчин/-д хөөгдөж эрүүн доороо шархтаж ирсэн бугын илий буюу төлийг тус багийн нутагт өвөлжиж буй малчин н.Баасандорж тэжээж тэнхрүүлжээ. Мөн тус аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын байгаль хамгаалагч газар дээр нь ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, тус амьтныг тэжээхэд шаардлагатай өвс тэжээлийг цаг тухайд нь хүргэж, эргэж байсан аж.
Бугын илий анх ирсэн талаар "малчин Г.Баасандоржийн гадаа эрүүн доороо шархадсан, зэрлэг амьтанд хөөгдсөн байх магадлалтай, эхээсээ төөрсөн бугын илий буюу төл ирсэн. Улмаар хоёрдугаар багын малчин гэртээ малтайгаа хамт өвөлжөөндөө буюу хашаа саравчиндаа тэжээсэн юм. Ингэхдээ "илий ирлээ" гэх мэдээлэл өгсний дагуу Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар болон сумын байгаль хамгаалагчид хамтран тус айлд тухайн үед очсон. Бид илийний нөхцөл байдлыг үзэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Мөн тэжээх шаардлагатай өвс тэжээл, хужир, сүү тавьж, биотехникийн арга хэмжээ авсан. Одоогоор эрүүнийх нь шарх бүрэн эдгэрсэн. Онд эсэн мэнд орсон байдалтай байна. Хавар тавдугаар сард ногоо гарсны дараа тус бугын элийг буга олноор нутагшиж байгаа. Айл амьтнаас хол газар сонгон зэрлэг байгальд нь тавилаа" гэсэн юм.
Бугын илийг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр байгаль хамгаалагчдын хяналт шалгалт хийдэг бүс нутаг, бугын бэлчээрт тавьжээ.
Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин Г.Баасанжав "Манайд өвөл хоолойндоо шархтсан бугын илий ирсэн. Тиймээс бид ямартай ч тэжээж шархыг нь эдгээхээр болж, аймаг сумдаас мэргэжил арга зүйн зөвлөгөө тусламж хүсэж дуудлага өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар болон сумын байгаль хамгаалагчид хамтарсан баг тэр даруй манайд ирж, шаардлагатай өвс тэжээлийг өгөхийн зэрэгцээ анхаарах зүйлс гэх мэт мэргэжлийн зөвлөгөө өгч байсан. Ингэхдээ бугын илийгээ хэт эрхлүүлж гаршуулж болохгүй гэдгийг ойлгож аваад хоол тэжээлийг нь тавихаас бусад үед хүнд дасахаас сэргийлж таван сар өсгөлөө. Анх ирэхдээ туранхай арай жижиг биетэй тамир тэнхээ муутай байсан бол одоо арай том өндөр болж, зэрлэг байгальд амьдрахад асуудалгүй сайн болсон. Тиймээс илийгээ бидэнд дасахаас сэргийлж байгальд нь тавих шийдвэр гаргаж, мэргэжлийн байгууллага, хүмүүстэй холбогдож, буга нутагшиж буй газар хоёр буга бараадуулан тавьсан. Хэрхэн нутагшиж байгааг нь ажиглаж байх болохоор санаа амар байна" хэмээв.
ФОТО: