БНСУ-ын алдарт дуучин Юү Сэн Жүнийг цэргийн албанаас зайлсхийсэн гэх шалтгаанаар 21 жил эх оронд нь нэвтрүүлээгүй байна

БНСУ-ын алдарт дуучин Юү Сэн Жүнийг цэргийн албанаас зайлсхийсэн гэх шалтгаанаар 21 жил эх оронд нь нэвтрүүлээгүй байна

1990-ээд онд Солонгосын урлагийн салбарт цойлж, хит болоод байсан дуучин Юү Сэн Жүнийг цэргийн албанаас зайлсхийсэн гэх шалтгаанаар 21 жилийн турш эх оронд нь нэвтэрүүлээгүй талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байна. 

Дуучин Юү Сэн Жүн

Хэргийг тодруулбал, дуучин Юү Сэн Жүнд 2001 оны арваннэгдүгээр сард цэргийн зарлан дуудах хуудас иржээ. Энэ үед тэрбээр "Японд аялан тоглолт хийнэ" хэмээн цэргийн албанд татагдах хугацаагаа гурван сараар хойшлуулсан байна. Харин Юү Сэн Жүн нь гурван сарын дараа Японоос ирсэн даруйдаа 2002 оны нэгдүгээр сарын 12-нд иргэншлээ солиулж, АНУ руу явсан аж. Ийнхүү тэрбээр Солонгосын иргэншлээс татгалзсан учир цэргийн зарлан дуудах хуудас ч хүчингүй болжээ.

Гэтэл түүнийг 2002 оны хоёрдугаар сарын 2-нд Стив Юү гэх Америк иргэний хувиар Солонгост ирэхэд нь түүнийг хилээр нэвтрүүлээгүй байна. Учир нь Цагаачлалын хяналтын тухай хуулийн арваннэгдүгээр зүйлийн 1.3-т заасан "БНСУ-ын ашиг сонирхол, олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулах эрсдэлтэй хүнийг хилээр оруулахыг хатуу хориглоно" хэмээн заасны дагуу уг шийдвэрийг гаргажээ.

Мөн түүнийг өсөж торниж буй өсвөр үеийнхэнд муу үлгэр дуурайлал үзүүлж, эх орноо хамгаалж буй цэрэг эрсийг хүндэтгэж үзээгүй зэрэг үндэслэлээр эх оронд нь нэвтрүүлдэггүй аж. Тэрбээр удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан ч Солонгосын талаас татгалзаж байжээ. 

Энэ талаар БНСУ-ын хууль зүйн асуудал эрхэлсэн газрын комиссар "Энэ хүнийг Юү Сэн Жүн бус Стив Юү гэж дуудмаар байна. Учир нь Стив Юү бол Солонгос хүн биш Америк хүн. 2002 онд Солонгос иргэншлээсээ өөрөө татгалзаж, цэргийн эрхэм үүрэг хариуцлагаас зугтсан. Байнга цэрэгт явна гэж хэлдэг байсан ч ард иргэддээ худал хэлж амлалтаа биелүүлээгүй. Хэрэв эх орондоо ажиллаж амьдарч, дуугаа дуулаад эхэлбэл эх орноо хамгаалж буй цэргүүд ямар их уур нь хүрч, урам нь хугарах бол" хэмээсэн түүнийг эх оронд нь нэвтрүүлдэггүй шалтгаанаа тайлбарлаж байсан байна.

Тэгвэл Юү Сэн Жүн нь өнөөг хүртэл эх орондоо нэвтэрч чадахгүй байгаа талаараа өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өөрийн SNS хаягаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "цэргийн алба хаахаас зайлсхийсэн" гэх үгийг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр ашиглаж, ард түмнийг төөрөгдүүлэн, турхирч байна. Эрх мэдэл, албан тушаалгүй хүн хэлмэгдсэн бол хэн ч, юу ч хэлэхгүй. Энэ бол аймшигтай нийгэм. Засгийн газрын энэ шийдвэр хайртай хүмүүсээс минь салгаж, нэр төрийг минь үгүй хийсэн. Шударга ёс гэж байдаг бол хэзээ нэгэн цагт үнэн илчлэгдэх болно" хэмээжээ. 

Уг хэргийг Солонгосчууд олон талаас нь хардаг бөгөөд Юү Сэн Жүнг хилээр нэвтрүүлэхгүй байгаа нь улс төрийн далд зорилготой байж болзошгүй гэх хардлага ч байдаг аж. Тиймээс ч уг хэргийг хэрхэн шийдэгдэх бол гэсэн хүлээлт Солонгосчуудын дунд одоог хүртэл халуун сэдэв хэвээр байна.

Т.Бямбажаргал