ВИДЕО: Улсын төсвийн 1.6 тэрбумаар худалдан авсан “Нүүдлийн эмнэлэг”-үүд ХӨСҮТ-ийн хашаанд шороонд дарагдан хог болон “хэвтэж” байна

ВИДЕО: Улсын төсвийн 1.6 тэрбумаар худалдан авсан “Нүүдлийн эмнэлэг”-үүд ХӨСҮТ-ийн хашаанд шороонд дарагдан хог болон “хэвтэж” байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хашаанд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хөдөлгөхгүй байрлуулж буй хоёр Нүүдлийн эмнэлгийг сурвалжиллаа.

ВИДЕО: 

-НҮҮДЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЗАХИАЛГААР "ЛАБТЕК" КОМПАНИ ГЕРМАН УЛСАД ЗАХИАЛАН ХИЙЛГҮҮЛЖ БАЙЖЭЭ-

Хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх зорилгоор Нүүдлийн гурван эмнэлгийг 2012 оноос ажиллуулж эхэлсэн байдаг. Тодруулбал, тус онд Эрүүл мэндийн яамны захиалгаар “Лабтек” компани Герман улсад захиалан хийлгүүлж байжээ. Уг ажилд улсын төсвийн нийт 1.6 тэрбумыг  /2012 оны ханш/зарцуулсан гэх мэдээлэл байгаа юм. Ингээд тус эмнэлгүүдийг өнгөрсөн хугацаанд ихэвчлэн хөдөө орон нутагт ажиллуулжээ. Гэвч 2012-2013 оныг хүртэлх нэг жилийн хугацаанд тус гурван эмнэлгээр нийт 130 хүнд л үйлчилгээ үзүүлсэн нь чамлалттай байсныг зарим хэвлэлд дурдаж байсан байна. 

Хамгийн сүүлд тус гурван эмнэлгийн хоёрыг нь 2022 онд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгснөөс хойш тус төвийн хашаанд шороонд дарагдан “хог” болон хэвтэж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хоёр эмнэлгийг сүүлийн нэг жилийн хугацаанд энэхүү байрлалаас нэг ч удаа хөдөлгөөгүй байна.

Тодруулбал “Нүүдлийн рентген эмнэлэг”, “Нүүдлийн шүдний эмнэлэг” нь өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд байна. Бид Халдварт өвчин судлалын гурван албан тушаалтантай холбогдож энэ эмнэлгийг ашиглахгүй байгаа шалтгаан цаашид ашиглах эсэхийг тодруулахад “Манайх ашиглаж байгаа. “Нүүдлийн рентген эмнэлэг”-ийг манайх хариуцдаг. Харин шүдний эмнэлэг нь Эрүүл мэндийн яамны харъяаных" гэснээс өөрөөр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.  Тус эмнэлгүүд нь шаардлагатай тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд эд анги, тавилга нь эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангаж, дотор нь эмчийн үзлэг, эмчилгээ хийх үед гадаад орчны температураас үл хамааран 18-25 хэмийн дулаан байх техникийн нөхцөлийг хангасан, бие даасан цахилгааны эх үүсвэртэй төдийгүй, нийтийн хэрэглээний цахилгаан эх үүсвэрийг ч ашиглах боломжтой.

-ТУС ЭМНЭЛГИЙГ "ШҮД" ХӨТӨЛБӨРТ АШИГЛАЯ-

Гэтэл хайран энэ эмнэлгийг ашиглахгүй, “хаяж” буй нь үнэхээр харамсалтай. Засгийн газраас ирэх онд “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж 0-17 насны нэг сая гаруй хүүхдийн шүдэнд таван тэрбум төгрөгийн үнэ бүхий фторт түрхлэгийг түрхэхээ мэдэгдсэн. Мөн уг хөтөлбөрийг хүрээнд өнгөрсөн пүрэв гарагт  “АШУҮИС дент” эмнэлэг, нүүдлийн шүдний амбулаторийг нээсэн. Тэгвэл төсөл бүрт нэг нүүдлийн эмнэлэг ажиллуулж мөнгө үрж байхаар ашиглахгүй “хэвтэж” буй энэхүү нүүдлийн эмнэлгийг тус хөтөлбөрт ашиглаж алслагдмал орчинд амьдардаг иргэдэд шүдний эмчилгээ, үйлчилгээг үзүүлж болох гаргалгаа харагдаж байна.  “Шүд” төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх билээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө