БНСУ хууль бусаар оршин сууж буй “Гадаад хүүхдийн төрсний бүртгэлийн систем”-ийг хэрэгжүүлэхээ мэдэгдлээ

БНСУ хууль бусаар оршин сууж буй “Гадаад хүүхдийн төрсний бүртгэлийн систем”-ийг хэрэгжүүлэхээ мэдэгдлээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж буй “бичиг баримтгүй цагаач хүүхдүүд” олширч буй талаар мэдээлснийг SBS телевиз эш татан дурдав. 

"Бичиг баримтгүй цагаач хүүхдүүд" гэдэг нь оршин суух хугацаагаа сунгаагүй болон баталгаажуулаагүй хууль бусаар оршин сууж буй хүүхдүүд юм. Эдгээр бүртгэлгүй хүүхдүүд хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр байдаг бөгөөд Солонгосчууд тэднийг "сүнс хүүхдүүд" хэмээн нэрлэдэг байна.

Солонгосын Ардчилсан намын төлөөлөгч Кан Сон Ү "21-ний өдөр Хууль зүйн яамнаас авсан мэдээллээр 2023 оны гуравдугаар сарын байдлаар 0-19 насны нийт 4130 бүртгэлгүй хүүхэд байна" хэмээжээ.

Гэхдээ дээрх тоо баримт нь Эцэг эх нь Солонгост хууль бусаар оршин суух явцдаа төрүүлсэн хүүхдүүдийг тооцохгүйгээр зөвхөн гадаад орноос ирсэн хүүхдүүд болон хууль ёсоор оршин суугаа эцэг эхийн бүртгэлгүй хүүхдүүдийг багтаасан статистик үзүүлэлт юм.

Харин тус улсын Үндэсний хүний ​​эрхийн байгууллагын тоон судалгаагаар 20 мянга орчим хууль бусаар оршин суугч хүүхдүүд байж магадгүй гэсэн тоо баримт гаргажээ.

Бичиг баримтгүй цагаач хүүхдүүдэд оршин суух эрх олгох шалгуур шаардлага байдаг. Энэ шалгуураас дурдвал:

  • Төрснөөс хойш 15-аас дээш жил БНСУ-д байх
  • 6-аас доош насандаа ирсэн бол 6-аас дээш жил байх
  • 6 наснаас хойш ирсэн бол 7-оос дээш жил байх гэсэн шаардлагуудыг тавьдаг.

Мөн бичиг баримтгүй цагаач хүүхдүүд бага, дунд боловсролын сургуульд элсэн орохыг зөвшөөрсөн хууль байдаг бөгөөд Солонгост төрсөн гадаад хүүхдүүдийг бүртгэх “Гадаад хүүхдийн төрсний бүртгэлийн систем”-ийг хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна.

Ингэснээр БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэд үр хүүхдээ сурч боловсрох эрхээр хангах болон гэмт хэрэгт өртөх эрсдлээс сэргийлэх боломжтой юм.

Сэтгүүлч: Т.Бямбажаргал