Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамтаар манай улсад энэ сарын 24-26-ны өдөр төрийн айлчлал хийж байна.
Айлчлал албан ёсоор өнөөдөр өглөө эхэлж хоёр Улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийлээ. Үүний дараа харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан талаараа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэээлэл хийв.
Албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Та бүхэнд түүхэн өдрийн мэнд хүргэе. Польш улсын ерөнхийлөгч Анджей Дудатай хийсэн албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, чухал үр дүнтэй боллоо гэж үзэж байна. Манай хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн. Өмнөх айлчлалаас хойш 10 жилийн дараа ерөнхийлөгч А.Дуда манай улсад айлчилж байгаа нь хоёр орны харилцаанд тодоор бичигдэж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихөд түүхэн ач холбогдолтой, бат бэх байр суурь болно гэж үзэж байна.
Бид хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилт, үр дагавар, шийдлийн талаар ярилцаж, бэрхшээлийг хамтын хүч чармайлтаар даван гарна гэдэгт санал нэгдлээ.
Бүгд Найрамдах Польш Улс бол манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл бэрхшээлтэй цаг хугацаанд ч манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй өрнөж ирсэн түүхтэй. Тухайлбал Польш улс манай улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэр гаргаж, Монгол, Польш улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаад баяртай байна.
Мөн хоёр улсын парламент, Засгийн газар, төрийн байгууллага, иргэд, бизнес эрхлэгчдийн харилцаа идэвхтэй өрнөж, Монгол, Польшийн худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Польш улс 1990 оноос өмнө манай улсын Дархан, Чойбалсан хотод шохойн болон хөнгөн бетоны үйлдвэр, Хархоринд дулааны цахилгаан станц зэрэг олон үйлдвэр байгуулж өгснийг бид мартаагүй. Иймд хоёр орны гол чиглэл болох худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг тэтгэсэн томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, байгаль орчин зэрэг олон салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо" гэдгийг хэллээ.
Түүнчлэн "Мөн хоёр улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг уялдуулж, "Хүнсний хангамж аюулгүй байдал", "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний зорилтын хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай төсөл хөтөлбөрийг хөдөө аж ахуй, геологи, уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ үр дүнтэй биеллээ олж, хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч таныг манай сайхан эх оронд тавтай морилохыг хүсье" хэмээв.
Мэдээллийн үеэр Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нь “Сэтгэл хангалуун байна. Халуун дотноор хүлээн авсанд баярлалаа. Хэдэн жилийн өмнө би Монголд ирж байсан. Тэр үеэс тэс өөр болж хөгжжээ Монгол улс. Бид олон салбарт ирээдүйд хамтран ажиллана. Тухайлбал, уул уурхай олборлолтын салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэж бодож байна. Мөн өнөөдөр бизнес форум болно. Манай томоохон бизнесменүүд энд ирсэн. Бид олон улсын хүндхэн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тухайлбал, ковидын нөхцөл байдал, Оросын Украинд үзүүлж буй түрэмгийллийн талаар санал солилцсон.
Бид Монголын геополитикийн байр, суурийг хүндэтгэж байна. Манай хоёр улс боловсролын салбарт хамтын ажиллагаатай байж ирсэн. Монгол оюутнуудыг манай 305 дээд сургуулийн алинд ч суралцах боломжтой. Өнөөдөр бид Польшийн Элчин сайдын яамыг нээх гэж буйд бахархалтай байна. Монгол ашигт малтмалаар баян орон. Тиймээс манай зүгээс ховор элементийг хайх, судалгаа хийх олборлолт хийхээр сонирхож байна. Мөн ойжуулах, цөлжилтийн эсрэг монгол хүмүүсийг өөрийн эх орондоо сургана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг би эх орондоо урьж байна” гэв
ҮЗЭХ: