О.Дөлгөөн: Дэлхийн тайзанд тавих анхны Монгол жүжигт дүр бүтээсэн нь миний хувьд маш том амжилт /ВИДЕО/

О.Дөлгөөн: Дэлхийн тайзанд тавих анхны Монгол жүжигт дүр бүтээсэн нь миний хувьд маш том амжилт /ВИДЕО/

Амьдралынхаа 20 гаруй жилийг тайз, дэлгэцийн урлагт зориулж, чамгүй их амжилтын эзэн болоод буй жүжигчин Одхүүгийн Дөлгөөнийг бид энэ удаа онцлон ярилцлаа. Түүний хувьд Тамгагүй төр жүжгийн Лондонд тоглогдох бэлтгэл ажлын хажуугаар саяхан Узбекистан улсад хийгдэж буй Доголон төмөр хааны тухай түүхэн кинонд Монгол гүнжийн дүр бүтээгээд байгаа билээ.

ВИДЕО: 

-Доголон Төмөр хааны тухай кинонд Монгол гүнжийн дүрд тоглосон талаар яриагаа эхэлье. Доголон Төмөр хааны хувьд харгис хэрцгийгээрээ алдартай. Монголын Барлас овгийн хүн гэж тогтоогдсон байдаг. Энэхүү агуу түүхэн хүний кинонд ямар овгийн хэн гэдэг дүрийг бүтээв?

-Чингис хааны удмын Сарай гүнж буюу Доголон төмөр хааны хамгийн хайртай хатан гэж нэрийддэг монгол гүнжийн дүрд тоглосон.

-Дүрийн санал болон шалгаруулалтын хувьд?

-Би маш азтай ч гэх юм уу. Сонин тохиолдлоор сонгогдсон. Яагаад гэвэл би өмнө нь ерөөсөө фейсбүүкийнхээ мессежийг хардаггүй байсан. Тэгээд нэг өдөр уншмаар санагдаад шалгаад сууж байсан “Доголон төмөр хаан” киноны найруулагч өөрөө над руу. Өөрийнхөө цахим хаягаар бичсэн. “Надад холбогдох цахим хаяг аа өгөөч ээ. Бид санал тавих гэсэн юм” гэсэн байсан. Тэгээд дүрийн шалгаруулалтад орж тэнцээд кинондоо тоглохоор явсан. Энэ хүмүүс яагаад Монголд нэг ч хүн танихгүй байж монгол жүжигчин олно гэсэн түүх нь бас их сонин.

Төмөр хааны Сарай гэдэг хатан нь Монголын хааны удмын гүнж байсан. Төмөр хаан түүхэндээ яг энэ гүнжтэй гэрлэсэн. Мөн хамгийн хайртай хатан нь байсан гэж бичигдсэн байдаг.

Тиймээс кино баг яг оргинал монгол хүн сонгохоор шийдэж google-эс хайж байгаад хоёр гурван монгол эмэгтэй жүжигчин олж, сонгож шалгаруулалт явуулсан байсан. 

-Зураг авалтад таван улсын уран бүтээлчид оролцож байгаа гэж сонссон. Тэгэхээр энэ кинонд танаас өөр дүр бүтээж буй уран бүтээлчдийн талаар дурдвал?

-Киноны баг АНУ-аас Узбекистанд ирж ажилласан. Төсөл нь таван жил яригдаад одоо хийгдэж байгаа юм байна лээ. Кинонд нь Казахстан, Узбекистан болон Англиас жүжигчид ирж тоглосон. Яг киноны найруулагч, зураглаач, дууны инженер, тайзны зураач гээд бүх бүрэлдэхүүнтэй бага нь АНУ-аас техник тоног төхөөрөмжтэйгөө ирсэн. Бусад туслах бүрэлдэхүүн нь Узбекстанаас ирж нэмэлт жүжигчдээ Англи, Австралиас гээд сонгож тоглуулсан юм байна лээ.

-Кинонд мэдээж 1300-1400-д оны түүхийг харуулах байх. Маш олон тулаан хийсэн байдаг. Мөн бунхныг нь хөндсөн гэхчлэн урт түүхтэй тэгэхээр сонирхуулж хэлэхэд кинонд аль хэсгүүдийг тодотгодог вэ?

-Тиймээ. Таван жил яригдаад одоо хийгдэж байгаа кино юм байна лээ. Ерөнхийдөө үргэлжлүүлэн олон ангит болгох зорилгоор бүтээж буй эхний ангийг нь хийж байгаа. Узбекистанд Доголон төмөр хааны хөшөө хүртэл байдаг. Ер нь өөрсдөө бахархаж манай “Доголон төмөр хаан бол” гэж ярьдаг юм байна лээ. Тиймээс кинонд олон хүмүүсийн мэддэг өнцөг болох хэрцгий, догшин гэдэг өнцгөөр бус Доголон төмөр хааныг эрэмгий, зоригтой, чадвартай, ухаантай байсныг голчлон харуулж байгаа.

-Ийм агуу хүн Монгол овгийн хүн гэхээр мэдээж бахархах сэтгэл төрж байсан байх. Тус киноны үйл явдал болон монгол гүнжийн дүр Тамгагүй төр жүжгийн хатны дүр хоёрт ижил төстэй зүйл юу байв?

-Сэтгэгдэл мэдээж маш гоё байсан. Монгол хүнийхээ дүрийн Монгол хүн бүтээнэ гэдэг маш гоё бахархалтай юм байна. Миний мэргэжил ямар гоё мэргэжил вэ. Ямар гоё үүд хаалгыг нээх боломжтой юм бэ гэдэг итгэл төрсөн. Тэнд цугларсан олон улсын жүжигчид зарим нь Монгол хүн огт харж байгаагүй гэхчлэн ганцаараа зориг гарган явж, зорьж тоглосон. Аль аль нь маш энэрэнгүй хатад байсан. Уужуу тайван. Маш ухаалаг гүнж, хатдын дүр байсан. Ялангуяа Доголон төмөр хаан кинонд монгол гүнж маш чухал шийдвэр гаргахад нь нөлөөлдөг гэхчлэн агуу эр хүний цаана байх уужуу ухаант гэргий нь байгаагаараа адил төстэй байсан. Харин түүх, хаадын тухайд нэлээд өөр санагдсан.

-Харин одоо "Тамгагүй төр" жүжгийн талаар ярилцъя. Өнөөдрөөс тоглогдож эхэлж байна. Өмнө нь 117 удаа завсаргүй тоглосон. Долоон сарын дараа тайзнаа эргэн гарж буй сэтгэгдэл баг хамт олны бэлтгэл ажлын тухайд?

-Мэдээж маш сайхан байна. Бэлтгэлийн хувьд жүжигчин хүн байнга суралцаж байдаг. Бэлэн болох юм бол ханаад өөр юм гарахаа больдог гэдэг шүү дээ. Үүнтэй адил бид өдөр бүр л бэлдэж, өдөр бүр суралцаж явна даа.

-Бэлтгэл ажлын хувьд?

-Ерөөсөө л нэг төсөөлөгдөхгүй нүсэр их санагдаж байгаа. Бид найман сард жүжиг тавьж дуусаад шууд Лондон явах бэлтгэлдээ орсон. Маш олон хүний хүч хөдөлмөр гарч байна. Найруулагч маань хүртэл хэлж байсан. “Бид нүүдэлчин хүмүүс харин Лондон бол байрандаа байж л байсан. Тэд суурин хөгжиж ирсэн. Энэ тохиолдолд бид  Англи хэлээр Лондонд жүжиг үзүүлнэ гэдэг нь нэг талаараа боломжгүй. Тиймээс бид боломжгүй зүйлийг хийж, түүх бүтээж байна” гэдэг. Яг л тийм толгойд багтахгүй сайхан түүхэн явдал болох гэж байна. Бид мэдээж бүх чадлаараа бэлдэнэ.

-Мөн ирэх арваннэгдүгээр сарын 13-наас Английн Лондон хотноо байрладаг “West end” театрт нийт 20 удаа тоглохоор болсон. Том тайз, гадаад хүмүүст монголын түүхийг хэрхэн харуулахаар вэ. Жүжигт өөрчлөлт орж байгаа юу? 

-Жүжгийн ерөнхий агуулга бол өөрчлөгдөхгүй. Энэ агуу зохиолчийн зохиолоор л явна. Харин Монгол философи гэж нэг юм бий. Жишээлбэл, хоёр үнэг гарч ирээд бүжиглэхэд монголчууд шууд аан хүүхдийн үнэг гэж ойлгож байхад гаднын хүмүүс юун үнэг гараад ирэв гэхчлэн зөвхөн Монголчууд л үзээд ойлгох хэсгүүдийг илэрхийлэхийн тулд бид зөвхөн хэл сураад болоогүй. Маш их жижиг хөдөлмөр зарцуулж хичээж байгаа. Тэгээд мэдээж шинэчилсэн тавилт учир нэмэх ч юм уу. Жижиг өөрчлөлт нэлээд байгаа.

-Гадаадын сонин, сэтгүүлд Тамгагүй төр жүжиг, "Монгол хаан" нэрээр тоглогдох гэж буй талаар гарсан байсан. Ер нь хэр их хүлээлт үүсгэж байгаа вэ. Тасалбар нь худалдаанд гарсан уу?

-Тасалбар худалдаанд гарсан байгаа. “West end” театрын тайзанд Азиуд гарч байгаагүй. Анх удаа бид тоглох гэж байна. Ази тэр дундаа Монгол үндэстэн. Монголынхоо философийг сурталчилж байгаа. Тиймээс тасалбар маань яах бол гэдэг айдас бидэнд байсан. Ялангуяа Монгол гэхээр мэдэх болов уу. Үзэх болов уу гэж бодсон. Гэтэл тасалбар зарагдаж эхэлсэн даруйдаа эхний өдрөө эхний өдрийн тасалбар нь дууссан байна лээ.               

-Монголын урлагийг үндэсний заншил, үүх түүхийн хамтаар олон улсад таниулах сурталчилж буй та бүхэнд талархал илэрхийлье. Баг хамт олонд амжилт хүсье.

-Баярлалаа.