BTS хамтлагийн Жонгүүгийн малгайг 10 сая воноор зарсан этгээдэд хуулийн хариуцлага тооцжээ

BTS хамтлагийн Жонгүүгийн малгайг 10 сая воноор зарсан этгээдэд хуулийн хариуцлага тооцжээ

БНСУ-ын Үндэсний Дипломат Академийн ажилтан “А” нь BTS хамтлагийн Жонгүүгийн малгайг арван сая воноор зарсан байжээ.

Тодруулбал, 2021 оны наймдугаар сард /2021.08/ ноён “А” Сөүлийн Сочогу хотод болсон нэгэн арга хэмжээнд Жонгүүгийн малгайг авч, өнгөрсөн оны аравдугаар сард /2022.10/ хуучин худалдааны сайтад "Жонгүүгийн өмссөн малгай" гэж бичээд 10 сая воноор зарсан байна.

Энэ талаарх нийтлэл цахим орчинд тархаж, цагдаагийн мөрдөн байцаалт эхлэхэд ноён “А” хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд BTS хамтлагийн Жонгүүгийн зүгээс уг этгээдэд ял оногдуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.

"Сөүл хотын төв дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн хоёрдугаар хэлтсээс өнгөрсөн сарын 28-ны /2023.04.28/ өдөр бусдын эд хөрөнгө завшсан хэрэгт буруутгагдаж байсан “А”-д нэг сая воноор торгох ял оногдуулсан" тухай Хууль зүйн салбарынхны мэдээлснээс иш татан БНСУ-ын JTBC телевиз мэдээлжээ.

Сэтгүүлч: Т.Бямбажаргал