"Монголд зугтаж ирсэн ӨМӨЗО-ны зохиолч тэрс үзэлтэн А.Лхамжавыг Хятадын цагдаа нар Улаанбаатараас баривчиллаа" гэжээ

"Монголд зугтаж ирсэн ӨМӨЗО-ны зохиолч тэрс үзэлтэн А.Лхамжавыг Хятадын цагдаа нар Улаанбаатараас баривчиллаа" гэжээ

ӨМӨЗО-оос зутгаж, Монголд суурьшаад байсан Өвөрмонголын зохиолч, түүхч А.Лхамжавыг Улаанбаатар хотоос Хятад улс хүч хэрэглэн баривчилсан явдлыг дэлхийн хүний эрхийн байгууллага “PEN America” буруушааж буйгаа илэрхийллээ.

Тодруулбал, Хятадын цагдаа нар энэ сарын 3-нд ӨМӨЗО-ны нэрт нэрт зохиолч А.Лхамжавыг  Улаанбаатар дахь гэрээс нь баривчилсан гэх мэдээллийн хариуд PEN America-ийн бичих эрх чөлөөний төвийн Талита Песоа дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр “Хятадын засгийн газар цөөнх үндэстнийг олонх болсон Хан үндэстний соёл, хэлэнд хүчээр уусгах бодлого явуулж буй энэ үед монгол хэл, соёлыг дэмжигч, зохиолчдын эсрэг улам бүр түрэмгий арга хэмжээ авч байгаад бид гүнээ түгшиж байна. Эдгээр нь Хятадын болон олон улсын хуулиар хамгаалагдсан үзэл бодол, итгэл үнэмшил, соёлын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, боловсрол эзэмших эрхийг зөрчиж байна.

Түүхч, зохиолч А.Лхамжавыг  Монголын газар нутаг дээр баривчилж, 80 настайд нь Хятад руу нэн даруй албадан гаргасан нь хэт харгис хэрэг бөгөөд Хятадын засгийн газар өөрийн хил хязгаараас гадна ч тэрс үзэлтнүүдийн дуу хоолойг хааж, дарамталж, заналхийлэх үйлдлийг  удаа дараа хийлээ.

Энэ нь бусад өөрийн үзэл бодолдоо үнэн ч дуу хоолойгоо гаргахаар өөр оронд суурьшиж буй зохиолч, уран бүтээлч, сэтгүүлч болон бусад эсэргүүцэгчдийн эрх зөрчигдөж, тэднийг хамгаалж чадахгүй болж буйг харууллаа. Бид Хятадын эрх баригчдад түүхч, зохиолч  А.Лхамжавыг  болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, соёлын эрх чөлөөгөө эдэлсэн хэргээр баривчлагдсан бүх хүмүүсийг нэн даруй суллахыг  уриалж байна” гэсэн юм.

А.Лхамжав нь Монголын түүхийн хэд хэдэн номын зохиогч юм. Түүний 2006 онд хэвлэгдсэн "Хятадын соёлын хувьсгал" номд соёлын хувьсгалын үеэр олон мянган Өвөрмонголчуудын амь үрэгдэгсдийг судлан харуулж, амьд үлдсэн хүмүүсийн аман түүхээр бэлтгэсэн байдаг.

Иймд тэрбээр 2019 онд нэг жилийн хорих ялаар шийтгүүлж, улмаар 2020 оны сүүлээр гэрийн хорионд орсон байсан. Улмаар саяхан Монгол руу оргон зугтсан юм.

2023 оны гуравдугаар сард бичсэн зохиолч А.Лхамжав Монголын соёл, түүхэн үйл явдлуудын талаар гурван шинэ ном бичиж хэвлүүлэх төлөвлөгөөгөө хуваалцахдаа, “Өвөрмонголд монгол хэлээр ном хэвлэхийг бүрэн хориглосныг та бүхэн мэдэж байгаа. Төрийн болон намын суртал ухуулга хүртэл монгол бичгээр хэвлэгдэхээ больсон. Би өөрийн бичсэн номоо олон жил зүтгэсний эцэст энд хэвлүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх итгэл найдвараар зэвсэглэн Монгол руу эрсдэлтэй зам туулж ирсэн. Миний номоор дамжуулан хойч үе маань манай үндэстэн юуг туулж, ард түмэн маань оршин тогтнохын төлөө хэрхэн тэмцэж байсныг ойлгох болно" хэмээжээ.

PEN America-гаас хийсэн 2022 оны бичих эрх чөлөөний судалгааны индексээр Хятадын засгийн газар дөрөв дахь жилдээ дэлхийн хамгийн их зохиолчдыг шоронд хорьсон нь тогтоожээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх байгууллага 2022 онд БНХАУ-д баривчлагдсан зохиолчдын 90 хэргийг баримтжуулсан бөгөөд нэг жилийн хугацаанд зургаан шинэ хэрэг бүртгэгдсэн байна. Мөн Хятад улс 137 зохиолч хүний ​​эрхийг зөрчих эрсдэлтэй байгаагаараа PEN America-ийн Эрсдэлтэй зохиолчдын мэдээллийн сангийн тэргүүн байрыг эзэлжээ. PEN America нь АНУ болон дэлхий даяар хүн бүр нээлттэй үзэл бодлоо илэрхийлэх, тэдний үзэл бодлыг хамгаалах үүднээс уран зохиол, хүний ​​эрхийн төлөө ажилладаг билээ.

Эх сурвалж: PEN America