Хохирогч М.Баттуяа: Барилгын компанийн эзэн “Би барилга дээр хүн үхүүлж үзсэн. Ажлын хөлс болох 15 сая төгрөгөө авбал ав, үгүй бол шүүхийн өмнө очоод танд нэг ч төгрөг өгөхгүй” гэж хэлсэн

Хохирогч М.Баттуяа: Барилгын компанийн эзэн “Би барилга дээр хүн үхүүлж үзсэн. Ажлын хөлс болох 15 сая төгрөгөө авбал ав, үгүй бол шүүхийн өмнө очоод танд нэг ч төгрөг өгөхгүй” гэж хэлсэн

Галд өртсөн “Буянт-Ухаа тауэр”-ын барилгыг шилэн фасадаар өнгөлж, “Үнэ цэнээ үл алдах, чанартай барилга” хэмээн борлуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл гал гарах үед тухайн барилга дээр дотор засал чимэглэл хийж байсан иргэн М.Баттуяа нь угаарын улмаас эрүүл мэндээрээ хохирч, өдгөө хөдөлмөрлөх чадваргүй болоод байгаа талаар манай сайтад хандлаа.

ВИДЕО: 

-Та тухайн үед барилга дээр ямар ажил хийж байсан бэ. Гал гарах үед яг юу болсон талаар яриагаа эхлүүлье?

-Би “Буянт-Ухаа” тауэрын 13 давхар барилгын 12 давхарт нь дотор заслын ажлыг хийж байсан юм. Тухайн өдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 6-ны өдөр заслын ажлаа хийж байтал гал гарсан. Би эхэндээ гал гарч байгааг мэдээгүй. Надтай хамт ажиллаж байсан н.Баяраа гэдэг залуу “гал гарч байна” гэдгийг хэлсэн. Ингээд цонхоор хартал гал дүрэлзэж байсан. Тиймээс шууд өмссөн хувцастайгаа шатаар доошоо буухаар гүйсэн. Гэтэл дөрөв, таван давхар орчимд явж байтал гэнэт их хэмжээний утаа залгиад доошоо явах боломжгүй болсон. Тусламж дуудахаар “хүн байна уу” гээд хашхирах гэсэн боловч хоолой гарахгүй байсан. Тэгээд буцаад дээшээ гүйсэн. Зургаан давхар орчимд явж байхад нэг танихгүй залуу “Эгчээ наашаа ор” гээд нэг өрөөнд оруулсан. Тухайн өрөөнд 7-8 хүн учраа олохгүй зогсож байсан. Азаар энэ үед онцгой байдлын алба хаагчид ирж, утаа сарниулагч цацаад биднийг гадагшаа гаргасан.

-Шатсан барилга дээр ажиллаж байсан 12 хүнийг онцгой байдлын алба хаагчид аюулгүй гаргасан талаар мэдээлж байсан. Тэр хүмүүсийн нэг нь та байжээ?

-Тийм ээ. Тэр үед барилга дээр хэдэн хүн ажиллаж байсныг сайн мэдээгүй. Бид шатаж байсан барилгаас эсэн мэнд гараад бүгд тал тал тийшээ утас цохиж, гэр бүлийнхэндээ мэдэгдсэн. Би ч мөн адил дүүгээ дуудаад гэр рүү харихаар явсан. Гэтэл замдаа толгой хүчтэй өвдөж, дотор муухай оргиод Яаралтай түргэн тусламж дуудаж, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт очиход миний амин үзүүлэлт унаж, угаарын гүн хордлогот орсон байсан гэсэн. Тус эмнэлэгт 8 хоногт хэвтэн эмчлүүлж гараад улмаар эмчийнхээ зөвлөсний дагуу 12 хоног сувилалд хэвтсэн. Гэсэн ч дахин бие муудаад дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн. Эмчлүүлж байхдаа ковидын халдвар авч ХӨСҮТ-д 8 хоног хэвтсэн. Товчхондоо, барилга дээр гал гарч, угаартсанаас болж би тасралтгүй нэг сар гаруйн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Гэвч өнөөдрийг хүртэл биеийн байдал сайжрахгүй, хэвэндээ орж чадахгүй явж байна.

-Гал юунаас гарсныг та мэдсэн үү?

-Миний сонссоноор гагнуур хийж байгаад оч үсэрсэн, мөн хөдөлмөр хамгаалал алдагдсан гэж сонссон. Уг нь оч үсрэхэд заавал хамгаалалт хийх ёстой юм билээ. Гэтэл тийм хамгаалалтгүй байснаас оч үсэрсэн гэж сонссон. Харин тэр үед телевиз ирэхэд компанийн захирал намайг дуудаад "Та нараас хэн нэгэн хүн юм асуувал хөдөлмөр хамгааллын гэрээнд гарын үсэг зуруулсан. Тэгээд тэр нь гуравдугаар давхарт шатсан гэж хэлээрэй” гэж хэлж байсан.

-Тухайн үед таны биеийн байдал гайгүй байсан хэрэг үү. Яагаад шууд гэр рүүгээ явахаар болсон юм бэ?

-Би өөрийгөө угаартсан гэж ерөөсөө бодоогүй. Шоконд ороод даралт ихэслээ л гэж бодсон. Тэгэхэд өөрийгөө тийм гүн хордлогод орсноо ч мэдээгүй.

-Та шүүх эмнэлэгт үзүүлсэн үү. Шүүх шинжилгээний дүгнэлт юу гэж гарч байсан бэ?

-Шүүх шинжилгээний дүгнэлт хүндэвтэр гэж гарсан.

-Та удахгүй хагалгаанд орно гэсэн үү. Нууц биш бол ямар хагалгаанд, хэзээ орох гэж байгаа юм бол?

-Би өмнө нь нэг ч удаа эмнэлгээр явж байгаагүй. Эмнэлгийн карт ч үгүй хүн байсан. Гэтэл одоо амьсгалын замын дутагдал, зүрхний цусан хомстол /шмит/ гэдэг өвчтэй болсон. Судасны нарийсал гэсэн оношоор Гуравдугаар эмнэлэг дээр хагалгаанд орох төлөвлөгөөнд орсон шинжилгээ өгөөд явж байна.

-Энэ бүхнээс сонсоход та угаартсанаас болоод нэлээдгүй хохирчээ. Гэтэл энэ талаарх мэдээлэл өмнө нь огт гарч байгаагүй?

-Би энэ талаар өмнө нь олон нийтэд хандаж мэдээлэл өгч байгаагүй. Харин хуулийн байгууллагад хандаад явж байна. Гэтэл хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа учраас та бүхэнд хандаж байгаа юм. Мөн барилгын компанийнхан намайг эмнэлэгт хэвтэж байхад "Таны эрүүл мэндийг хариуцна, хохирол гомдолгүй болгоно" гэж байсан мөртлөө одоо огт сураггүй хаячихсан байгаад нь би бас их гомдож байна.

-Барилгын компанийн зүгээс таны хохирлыг барагдуулаагүй хэрэг үү. Та тухайн компанийн удирдлагуудад хандаж үзсэн үү?

-Намайг угаарын хордлогоор цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байхад эмчилгээний төлбөр гэж 5.3 сая төгрөг өгсөн. Тухайн үедээ "Та эрүүл мэнддээ анхаар бид танд найдаж байгаа. Бид таныг хохиролгүй болгоно гэж хэлж байсан болохоор би итгээд л явж байсан. Түүнээс хойш би “сувилалд явах шаардлагатай байна” гэдгээ хэлэхэд “Манай компани хариуцахаа больсон” гэж хэлээд ганц, хоёр удаа уулзаад л ахиж надтай харьцаагүй. Тиймээс би үүнээс хойш гэр бүл, ах дуу, хамаатан садан, найз нөхдийнхөө тусламжтайгаар л эмчилгээ, үйлчилгээгээ таслахгүй хийгээд явж байна. Хотын бараг бүх эмнэлгээр явлаа.

-Тухайн компанийн удирдлагууд тантай ганц хоёр удаа уулзсан гэж байна шүү дээ. Тэр үедээ юу гэж хэлж байсан бэ?

-Намайг оффис дээрээ дуудаж уулзсан. Манайх хариуцах боллоо. Та надтай ирж уулз гэж хэлсэн. Энэ дагуу нь би компани дээр нь өмгөөлөгчтэйгөө очиход “Та наад хүнээ яах гэж дагуулаад яваад байгаа юм. Хөдөлмөр хамгааллын яам дээр очиж мөнгө төгрөгийг нь гаргуулж өг" гээд өмгөөлөгчийг маань загнасан. Үүгээр ч зогсохгүй хордлогын асуудалтай яваад байгаа намайг "Та хамгийн сүүлд эмнэлгээр хэзээ явсан, хэдэн хүүхэд төрүүлсэн, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэзээ үзүүлсэн бэ" гэж асууж тавлаж байсан. Манай өмгөөлөгч бид хоёр тэндээс загнуулаад уйлаад гарсан. Гэтэл манайх ийм бөөгийн хүмүүс. Та битгий уйлж унжаад бай гэж хүртэл хэлж байсан.

-Тэгэхээр компанийн удирдлагууд таныг яах гэж дуудсан хэрэг үү. Үүнээс хойш дахиж уулзаагүй юу?

-Тэднийг өөрсдөө дуудсан болохоор би намайг хохиролгүй болгоод өгөх болов уу гэж найдаж байсан. Компани хариуцаж байгаа хүн учир бага ч гэсэн ухамсартай хүн байх болов уу гэж бодоод очсон юм. Үүний дараа туслахаараа дуудуулаад бас нэг уулзсан. Тэр үедээ “Та бол миний хувьд юу ч биш. Би өөрөө бэртэж үзсэн. Барилга дээр хүн үхүүлж үзсэн. Ажлын хөлс болох 15 сая төгрөгөө авбал ав үүнээс ихийг өгч чадахгүй. Та энэ мөнгийг авбал ав. Авахгүй бол би шүүхийн өмнө очоод танд нэг ч төгрөг өгөхгүй” гээд ажилчдынхаа өмнө хэлж байсан. Би тэр газраас мөн л уйлаад гарсан. 

-Та ямар нэгэн байдлаар тухайн компаниас их хэмжээний мөнгө нэхэмжилж, сүрдүүлсэн юм биш биз дээ. Шууд хуулийн байгууллагад хандаж болохгүй байсан хэрэг үү?

-Тийм зүйл байхгүй ээ. Би хийсэн ажлынхаа хөлс, бас эмчилгээний зардлыг минь олгооч л гэж хүссэн. Тэд өөрсдөө эхнээс нь таныг хохиролгүй болгоно гэж хэлсэн учир түүнд нь итгээд хуулийн байгууллагад хандаагүй байсан юм. Эцэст нь хэл амаар доромжлуулсан учир хуулийн байгууллагад хандсан.  Гэтэл энэ хэрэг шийдэгдэхгүй нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Хэрэг шийдэгдэхгүй удааширсан урчаас Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт хандсан. Энэ хүмүүс хяналт тавьж ажиллаж байна гэх хариулт өгсөн ч өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй л байна. 

-Хэрэг шийдэгдэхгүй удаашраад байгааг та юу гэж харж, хардаж байна вэ?

-Бүтэн нэг жил хоёр сар гаруй болсон байхад хэрэг шийдэгдэхгүй удаашраад байгаа гайхаж байна. Эзэнгүй хэрэг биш шүү дээ. Тухайн үед гал гарсан, би угаартсан. Ийм хэргийг шийдэхгүй байгаад нь ямар нэгэн учиртай байх л гэж бодож байна. Энэ барилгыг жүжигчин Г.Алтаншагайгийн найзынх нь компани гэж ярьдаг юм билээ. Энэ бүхэн нь нөлөөлдөг юм болов уу гэсэн хардлага ч байна. Тухайн шатсан барилга дээр хоёроос гурван компани ажиллаж байсан. Мөрдөгчийн өгсөн мэдээллээр "Скай вип констракшн" гээд компанийг яллагдагчаар татсан шийдвэр гарсан гэсэн. Гэсэн энэ асуудал шийдэгдэлгүй прокурорт очоод хоёр сар болж байна.