А.Дөлгөөн: Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдэд өнөөдрийн дотор нөхөн олгохгүй бол талбайд жагсана

А.Дөлгөөн: Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдэд өнөөдрийн дотор нөхөн олгохгүй бол талбайд жагсана

Хүүхдийн мөнгийг энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд олгох шийдвэрийг гаргасан. Үүнийг эсэргүүцсэн ээжүүдийн төлөөлөл өнөөдөр /2023.05.18/ хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд тэгш олгох шаардлагыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад хүргүүллээ.

Ээжүүдийн төлөөлөл А.Дөлгөөн "Би нэгдүгээр сарын 16-наас эхлэн хүүхдийн мөнгөний асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадна зургаа дахь удаагаа ирж байна. Бодлого төлөвлөлтийн газар болон, хүүхдийн мөнгө хариуцсан бүх мэргэжилтнүүдтэй уулзсан. Мөн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан ч энэ асуудал огт шийдэгдсэнгүй. Эхлээд эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг утгаар нь Х.Булгантуяа гишүүнд бичиг хүргүүлж байсан. Энэ удаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд гэдэг утгаар нь шаардах бичиг хүргүүлж байна.

Үндсэн хоёр зүйлийг бид шаардаж байгаа. Нэгдүгээрт, 9 хувьд цалингийн орлоготой, эгэл жирийн ажил хийдэг залуучуудын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон иргэд зэрэг зайлшгүй авах ёстой хүмүүсийг хассан байна. Иймээс хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй, яаралтай нөхөн олгуулах хүсэлтэй байна. Хоёрдугаарт үлдсэн 91 хувьд нь ямар үзүүлэлтээр олгоод байгааг нь мэдмээр байна. Шаардлагын хариуг өнөөдөртөө багтаан хариу ирүүлэхгүй бол хүүхдүүдтэйгээ цуг талбайд жагсах болно" гэлээ.

Т.Бямбажаргал