ПРОКУРОР: “Хөрөнгө буцаах ажиллагааны гарын авлага” номын нээлт боллоо

ПРОКУРОР: “Хөрөнгө буцаах ажиллагааны гарын авлага” номын нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Дэлхийн банкнаас хамтран “Хөрөнгө буцаах ажиллагааны гарын авлага: Салбарын мэргэжилтнүүдэд зориулсан хоёр дахь хэвлэл, 2021” номыг монгол хэл дээр орчуулан хэвлүүлж, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нээлтээ хийлээ.

Энэхүү ном өмнө нь англи, испани, араб, франц хэлээр нийтлэгдэж байсан бол ийнхүү монгол хэлээр нийтийн хүртээл болж байгаа бөгөөд манай улсын шүүх, прокурор, цагдаа, Авлигатай тэмцэх газар, Санхүүгийн мэдээллийн алба, Терроризмтой тэмцэх зөвлөлийн төлөөлөл бүхий ажлын хэсгийн гишүүд хамтран орчуулгын ажлыг хийсэн байна.

Номын нээлтийн арга хэмжээнд Улсын ерөнхий прокурорын газрын төлөөллүүд, ажлын хэсгийн гишүүд болон Дэлхийн банкны СтАР хэлтсийн Монгол Улсын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Найжел Бартлет, ахлах зөвлөх, хуульч Лиза Босвик, Жон Бэнтон, Фредерик Раффри нар оролцон баяр хүргэж үг хэлснээс гадна уг бүтээлийн зохиогчдын багийн ахлагч, ноён Жан Пьер Бран онлайнаар мэндчилгээ дэвшүүлсэн юм. Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол хэлнээ орчуулагдсан уг гарын авлагыг шүүгч, прокурор, хууль сахиулах байгууллагын ажилтнууд мэргэжлийн үйл ажиллагаандаа өдөр тутам бүтээлчээр ашиглаж, хэрэглэснээр авлига, албан тушаал, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаанд бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлж, цаашид хөрөнгө буцаах ажиллагааны чиглэлээр прокурор, мөрдөгчдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдсэн сургалтуудыг номын бүлэг тус бүрээр зохион байгуулах хэрэгцээ, шаардлага байгааг онцоллоо.

Энэхүү ном нь 11 бүлэг, 12 хавсралттай, нэр томьёоны тайлбар, гадаад орнуудын шүүхээс хөрөнгө буцаах ажиллагааны чиглэлээр шийдвэрлэгдсэн хэргийн жишээ баримт, иш татах материал, эх сурвалж зэрэг шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулах бусад байгууллагын ажилтнуудын өдөр тутмын ажилд судалж хэрэглэвэл зохих, чухал сэдвүүдийг багтаасан байна. Сүүлийн үед гэмт хэргийн замаар бий болгосон эд хөрөнгө, мөнгийг хил давуулан байршуулах, хувиргах явдал түгээмэл болж, олон улсад энэ төрлийн хөрөнгийг “хулгайлагдсан хөрөнгө” гэж нэрлэх болсон бөгөөд буцаан авах ажиллагааг “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах” гэж, зохицуулах эрх зүйн шийдлийг “Хөрөнгийн менежмент” гэж тус тус орчин үеийн хууль зүйн салбарт нэрлэх болоод байгаа ажээ.

Тус номыг орчуулан гаргаж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарлаад буй “5Ш” ажиллагаа, тэр дундаа хулгайлагдсан хөрөнгийг буцаах зорилгыг илэрхийлж буй “шилжүүлэн авах” ажиллагааг хэрэгжүүлэх цаг хугацаатай давхцаж буйгаараа онцлог боллоо.