Л.Энх-Амгалан: МСҮТ-ийн статусыг шинэчилж, мэдлэг чадвартай хүүхдүүдийг их дээд сургуулиудад сургаж бэлтгэнэ /ВИДЕО/

Л.Энх-Амгалан: МСҮТ-ийн статусыг шинэчилж, мэдлэг чадвартай хүүхдүүдийг их дээд сургуулиудад сургаж бэлтгэнэ /ВИДЕО/

Засгийн газрын өнөөдрийн /2023.05.24/ ээлжит хуралдааны шийдвэрийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна. 

Тэрбээр, “ Монгол улсын Засгийн газрын үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоог хоёр салбарт хэрэгжүүлж байгаа. Нэг нь эрүүл мэндийн салбар нөгөө нь боловсролын салбар юм. Боловсролын салбарт үр дүнд суурилсан санхүүжилтын тогтолцоог нэвтрүүлж, сурагчийн үнэлгээ, багш нарын үнэлгээ, сургуулийн үнэлгээнд үндэслэж хамгийн чадварлаг багш нар хамгийн өндөр цалин, урамшуулал авдаг тогтолцоонд шилжсэн.

Өнөөдрийн бадлаар мэргэжлийн боловсролын салбарт 38 мянган оюутан хувийн болон төрийн өмчийн 77 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа. Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын сургуулиудын нийгэм дэх статусыг сайжруулж, мэдлэг чадвар сайтай хүүхдүүдийг их дээд сургуулиудад бэлтгэн гаргах тогтолцоог бий болгох шинэчлэлийг хийж байгаа.

Энэ ажлын хүрээнд Боловсролын салбарын багц хуулийг УИХ-д өргөн барьсан. 2012 оноос хойш мэргэжлийн боловсролын санхүүжилтын тогтолцоо ер өөрчлөгдөөгүй. Тиймээс есдүгээр ангиасаа сурлага муутай эсвэл ар гэрийн хангамж муу хүүхдүүд мэргэжлийн боловсролын сургуульд элсдэг гэсэн буруу ойлголт нийгэмд тогтсон. Энэ ойлголтыг засаж, ЕБС-аа төгсөөд 2.5 жил сураад мэргэжлийн боловсролын сургуулиа төгсдөг байсныг гурван жил болгон өөрчилж байгаа. Хоёрдугаарт, 2.5 жилээр төгссөн төгсөгчид мэргэжлийн ур чадвар маш муутай төгсөж байна гэсний дагуу энэ салбарыг үр дүнд суурилсан санхүүжилтэд шилжүүлж, мэргэжлийн боловсролын хөтөлбөрүүдийн өртгийг тооцдог болох тогтолцоо руу шилжиж байгаа юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж буй үр дүнд суурилсан санхүүжилтын хүрээнд багш нарын цалин тодорхой хувиар нэмэгдсэн. Иймээс МСҮТ гэж нэрлэхгүйгээр “Мэргэжлийн болон техникийн боловсролын салбар” хэмээн статусаа өргөтгөж, практикийн нэмэлт санхүүжилт олгодог болгох, хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглах, дадлагын баазуудад дадлага хийх төсөв мөнгийг хувьсах зардалд тусгаж өгөх, Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжийг сурагчдад нээх зэрэг ажлын санхүүжилтын тогтолцоог бий болгох түүхэн шийдвэр гаргасан” гэлээ.

ҮЗЭХ: 

Т.Бямбажаргал