Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь боомтын сэргэлт, эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой

Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь боомтын сэргэлт, эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой

Засгийн газрын 2018 оны 232 дугаар тогтоолоор 51 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК, 49 хувийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК тус тус эзэмшиж, “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан хилийн зурваст төмөр зам барихаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой холбох 7.1 км төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр ийнхүү эхэлж байна.

Шивээхүрэн өртөөнөөс төмөр замаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх нөхцөлөөр өртөөний гол болон хүлээн авах, явуулах 5 зам, ачилт буулгалтын 4 зам байхаар төлөвлөсөн бөгөөд өртөөний гол замын уртыг 1200 м, хүлээн авах, явуулах замын ашигтай уртыг 1050 метрээс багагүй байхаар төлөвлөжээ. Мөн ачилт буулгалтын замын урт 750 метр байна гэжээ.

Шивээхүрэн хилийн боомтын нарийн царигийн төмөр замаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх нөхцөлөөр хөрөнгө оруулалт эдийн засгийн тооцооллыг боловсруулсан аж. Хил дамнасан төмөр замыг барихад нийт 207.7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс суурь бүтцийг барихад 171.7 тэрбум төгрөг, сэлгээний зүтгүүр, чингэлэг өргөгч болон бусад тоног төхөөрөмж, багаж худалдан авахад 27.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар байна.

Барилгын ажлын хөрөнгө оруулалтыг боомт дахь төмөр замын үйл ажиллагааны орлогоос 6 жилийн хугацаанд хувь нийлүүлэгчид ногдол ашиг тооцолгүйгээр эргүүлэн төлөхөөр тооцоолсон байна.

Энэ хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Шивээхүрэн хилийн боомт дахь нарийн царигийн төмөр замыг Төрийн эзэмшилд буюу “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 хувь шилжүүлэн өгөхөөр тус тус заажээ.

Төмөр замын ашигийг зах зээлийн боломжит хувилбараар таамаглахад жил тутам дунджаар 94.7 тэрбум төгрөгийн орлоготой ажиллах боломжтой аж.

Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.

Тэрбээр, "Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой. Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5,000 ам.долларт хүрлээ.

Өнөөдөр бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлж байгаа нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах болно" гэлээ.

Шивээхүрэн-Сэхэ хил дамнасан боомтын төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын экспортын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ачаа тээвэр 20 сая тоннд хүрэх боломжтой.

Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэх юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

50 минутын өмнө