Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал Хөгжлийн Банкны шүүх хурал дуустал хойшлогджээ

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал Хөгжлийн Банкны шүүх хурал дуустал хойшлогджээ

Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Хуланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сард товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Учир нь, тус хэрэг нууцын зэрэглэлтэй учир анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч заавал оролцох ёстой юм. Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар  Хөгжлийн банкны гэх хэрэгт оролцож байгаа. Тиймээс Хөгжлийн Банкны хурал дуустал шүүх хурал хойшилж, цагдан хоригдсон хэвээр байх аж.

Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “Ц.Хулан нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл

  • 19.4.1 Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.