“М банк” нийгмийн хариуцлагын хүрээнд “M Care” хөтөлбөрийг хэрэгжүүлж, спортоор дамжуулан хүүхэд залуусыг эрүүл чийрэг хүн болгон төлөвшүүлэхэд анхаарна

“М банк” нийгмийн хариуцлагын хүрээнд “M Care” хөтөлбөрийг хэрэгжүүлж, спортоор дамжуулан хүүхэд залуусыг эрүүл чийрэг хүн болгон төлөвшүүлэхэд анхаарна

Манай улсад хүүхэд багачууд эрүүл мэнддээ анхаарч, бие бялдраа хөгжүүлж, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл тун муу гэдгийг хэн бүхэн мэднэ.  Хөл бөмбөгийн талбайн хаалга дарчих гээд, савлуур нь дээрээс уначих гээд, хийлдэг тоглоом салхинд хийсчих гээд, хэн нэгний аав нь хаанаас ч юм гарч ирж зодчих гээд хүүхдүүд өөрсдөө ч мэдэлгүй аюул дунд, аливаа асуудлыг үл хайхран тоглож, наадсаар.

Энэ асуудалд төр засаг гэхээс илүүтэй хувийн хэвшлүүд анхаарч, залууст хэрэгтэй олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүний нэг нь М банкны тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагын M Care хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан олон хүүхэд залуус амралт чөлөөт цагаа үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгож байгаа нь тун сайшаалтай. М банкны зүгээс хүүхдийн баярыг угтан нээлттэй спорт өдөрлөгийг зохион байгуулж буйг бид бүхэн сурвалжлан хүргэж байна.

ВИДЕО: 

БАНКНЫ "M CARE" ХӨТӨЛБӨР-

М банк нийгмийн хариуцлагын M Care хөтөлбөрийн хүрээнд Үндэсний дээд лигийн М Гарьд багтай хамтран Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1, 7 дугаар хороонд байрлах 42, 162, 105, 149-р сургуулийн 6-9 дүгээр ангийн нийт 80 гаруй хүүхдийг хамруулан спортын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээ нь сагсан бөмбөгөөр дамжуулж хүүхэд залуусыг спортод дурлуулах, тэдний эрүүл мэнд зөв төлөвшилд хувь нэмрээ оруулж, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.

Биднийг Сэлбэ сургуулийн спорт зааланд очиход М Гарьд багийн тоглогчид болон хүүхдүүд баг болж хуваагдан нөхөрсөг тоглолт хийж байв. Хүүхдүүдийг харахад бүгд л баярлаж хөөрсөн байсан нь хүүхдийн баяр болж буй энэ өдрүүдэд үнэхээр нүдээ олсон зөв үйл ажиллагаа болж дээ гэж эрхгүй бодогдсон юм.

-СПОРТООР ДАМЖУУЛАН ЗАЛУУС, ХҮҮХДҮҮДИЙГ ЭРҮҮЛ ЧИЙРЭГ, СОЁЛ БОЛОВСРОЛТОЙ ХҮН БОЛГОН ТӨЛӨВШҮҮЛЭХЭД АНХААРЧ БАЙНА-

М банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэнтэй уулзаж болж буй үйл ажиллагаа болон M Care хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил мөн хүүхэд залуус руу чиглэсэн ямар бүтээгдэхүүн үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүд байгаа талаар асууж тодруулсан юм. Тэрбээр“М банкны хувьд өнгөрсөн найман сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монголын 12 арилжааны банкны хамгийн отгон банк юм.  Манай банкны хувьд анхнаасаа тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд залуучууд руугаа чиглэсэн үйл ажиллагаануудыг түлхүү хийе гэсэн төлөвлөөтэй ажиллаж байна. Түүний нэг нь М Гарьд багтай хамтран хэрэгжүүлж буй өнөөдрийн үйл ажиллагаа юм. Бид өнгөрсөн улирлын дээд лигийн тоглолтонд М Гарьд багийг үүсгэн байгуулж, амжилттай оролцсон. Тиймээс энэхүү багийнхаа тоглогчидтой хамтраад залуус, хүүхдүүийг илүү эрүүл чийрэг, соёл боловсролтой хүн болж төлөвших мөн багаар ажиллах чадварт суралцаж, өөрийгөө нээн хөгжүүлэх зэргээр спортоор дамжуулан хүмүүжил төлөвшилд нь бага ч атугай эерэг нөлөөлөл үзүүлэхийг зорьж байгаа юм" гэлээ. 

-ХҮҮХДҮҮД БИДНИЙ ХҮСЭЛ СОНИРХЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ӨНӨӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА НЬ ТАЛАРХУУШТАЙ-

Хүүхдүүдийн инээд хөөр, заал дүүрэн уухайлах чимээнээр энэ үйл ажиллагаа үнэхээр л хүүхдүүдэд хэрэгтэй, тэдний хүсч хүлээж байсан зүйл мэт санагдсан юм. Бид мөн оролцсон хүүхэд багачуудын сэтгэгдлийг сонсож, үйл ажиллагааны эерэг нөлөөлөл болон хэр үр өгөөжтэй байгаа талаар Нийслэлийн ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч Г.Хулантай ярилцлаа.

Тэрбээр “Миний хувьд үнэхээр хүсэн хүлээж байсан үйл ажиллагаа байлаа. Учир нь би М Гарьд багт маш их дуртай. Эрэгтэй багаас н.Мөнхболд, эмэгтэй багаас х.Индрад дуртай. Аав ээж маань намайг сагс тоглохыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн би өөрөө дуртай. Бидний хүсэл сонирхлыг хүндэтгэж, өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа М банкныхаа ах эгч нарт баярлалаа гэж хэлмээр байна. Хүүхдүүдийн хүсэл сонирхлыг төрүүлж, дуртай тамирчинтайгаа тоглох боломжийг бий болгож өгсөнд маш их баяртай байна” гэлээ. Түүний ярианаас хүүхдүүдийн хүсэл сонирхлыг эцэг эхчүүд бүрэн сонсож, тусалж дэмжих гэхээс илүүтэй зарим үед огт танихгүй ах эгч нараас ч дэмжлэг туслалцаа ирж болдгийг харж болно. Үнэхээр хүүхэд тань зорьж, хүсэж, тэмүүлж байгаа бол энэ мэт зүйлсийг нь ядаж зөвшөөрч, дэмжихгүй юм аа гэхэд зөв боловсон чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олгож байгаа бусдад талархан хүлээж авах хэрэгтэй. Төр засгаас бус, төрүүлсэн ээж ааваас бус хувийн хэвшлээс, хувийн байгууллагуудаас хүүхдийн тань төлөвшил хүмүүжил, хүсэл сонирхолд анхаарч байна шүү дээ.

Үйл ажиллагаанд оролцож буй хүүхэд багачуудын хайртай олон тоглогчид ирсэн байснаас бид М Гарьд багийн тамирчин Б.Болдбаатартай уулзаж, хүүхэд багачуудтай нэг өдрийг хэрхэх өнгөрүүлсэн сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр "М банк болон М Гарьд багийн хамтарсан “М Care” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн хүүхдүүд хүрэлцэн ирсэн байгаа. Хүүхдүүдтэйгээ сагсан бөмбөгийн талаар нээлттэй ярилцаж, нэг өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлж байна. М банк нь хүүхэд багачуудыг дэмжиж ажиллахаас гадна  тамирчид биднийг дэмжиж тусалдагт маш их баярладаг.  Өнөөдрийн бүх үйл ажиллагаа хүүхдүүд рүүгээ чиглэсэн, сагсан бөмбөгийг сурталчилсан өдөрлөг болж байна. Хүүхдүүд маань сэтгэл хангалуун, хөгжил хөөртэй байх шиг байна. Маш сэтгэл хангалуун байна” гэлээ.

-ЦААШДАА Ч ИЙМ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙВАЛ ГОЁ-

Мөн бид Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн 10А ангийн сурагч Б.Дөлгөөнтэй уулзаж цаашид өөр ямар үйл ажиллагаа явуулбал илүү таалагдах талаар асуухад тэрбээр, “Дээд лигийн ах нарийгаа зурагтаар харж байснаас ингээд нэг зааланд хамт тоглоно гэж бодож байсангүй. Цуг тоглож байгаадаа маш их баяртай байна. Дүүрэг дүүрэгтээ өнөөдөр зохиож байгаа хөтөлбөр шигээ лигийн ах нартайгаа нөхөрсөг тоглолт хийгээд, мэдэхгүй чадахгүй байгаа юмаа асууж ярилцаж байвал маш сайхан” гэж ярьсан юм.

Хүүхдүүдийн ярианаас харахад хүүхэд залуус чөлөөт цагаараа спортоор хичээллэх сонирхолтой авч тэр бүр боломж олддоггүй талаар ярьж байсан бөгөөд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь ихээхэн үр ашигтай байлаа. М банкны хамт олон нийгэм рүү, хүүхэд залуус руу чиглэсэн бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь нэн сайн бөгөөд хүүхэд багачуудын ирээдүйд хөрөнгө оруулах зорилгоор цоо шинэ нөхцөл боломж бүхий хадгаламжийг ашиглалтанд  оруулж байгаа нь тун сайшаалтай байна.