Ц.Наранчимэг: Хилийн заставт мэндэлсэн Т.Содхилчин хүү минь хилчдийн хайранд өсч торниж байна

Ц.Наранчимэг: Хилийн заставт мэндэлсэн Т.Содхилчин хүү минь хилчдийн хайранд өсч торниж байна

Өнөөдөр дэлхийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр isee.mn мэдээллийн сайт хилийн заставт мэндэлсэн хоёр настай Т.Содхилчин хүүг онцолж байна.

ВИДЕО:

 

Т.Содхилчин хүү нь 2021 оны хавар Баян-Өлгий аймаг дэх Хулжаагийн заставт мэндэлсэн юм. Онгоцонд, шүүх танхимд, машинд гээд эмнэлгийн бус олон газарт хүүхэд мэндэлсэн тохиолдлыг бид мэддэг. Харин түүний дотроос ХИЛИЙН ЗАСТАВТ төрсөн нь өвөрмөц үйл явдал хийгээд ховорхон хувь тавилан гэлтэй. Хил дээр мэндэлсэн Т.Содхилчингийн ээж Ц.Наранчимэг хүүгээ төрүүлсэн түүх, нэр хайрласан мөчөө ийнхүү бидэнтэй хуваалцлаа.

Тэрбээр “Миний нэрийг Цэрэннадмидын Наранчимэг гэдэг. Би Хилийн цэргийн 0285 дугаар ангийн 0226 дугаар салбарт туслах аж, ахуй эрхлэгчээр ажилладаг. 2021 оны дөрөвдүгээр сарын 10-нд би долоон сартай жирэмсэн застав дахь гэртээ байсан. Гэтэл тэр өдөр төрөх хугацаанаасаа өмнө өвдсөн юм. Өвдсөн даруйд эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Дуудлагын дагуу Улаан-Ус сумын эмч, эрх баригч манайх руу гарсан ч машин нь замдаа мөсөнд сууж саатаад их орой ирсэн. Эмч ирсэн даруйдаа үзлэг хийгээд “Энд нь төрүүлнэ. Умайн хүзүүний амсар нээгдсэн учир сум руу явах боломжгүй. Замд машинд төрөх эрсдэлтэй” гэж хэлсэн. Ингээд л застав дээрээ төрсөн. Ер нь бол хөдөөд төрж байгаадаа айж байсан. Заставын хувьд сумын эмнэлгээс 50 гаруй км-ийн зайтай байдаг.

Манай застав нь хугацаат цэргийн алба хаагчидтай. Тийм учраас хүүдээ нэр хайрлахдаа заставын дарга болон хугацаат цэргүүд гээд нийт бие бүрэлдэхүүнээсээ нэр авч будаанд хийж шигшсэн. Будааг шигшихэд н.Сэндэр дэслэгчийн хайрласан Содхилчин гэх нэр гарч ирсэн. Хилчинхүү, Хилчинзаяа, Хилийнбагана, Сүлдэтбагана гэх мэт олон нэр байсан. Энэ бүх нэрээс Содхилчин гэх нэр сонгогдсонд үнэхээр их баярлаж, бэлгэшээж хүлээж авсан. Нөхөр, бид хоёрт нэр нь маш их таалагдсан. Хил дээр төрсөн эмэгтэйчүүд мэр, сэр байдаг л юм билээ. Миний хувьд хэд дэхь төрөлт гэдгээ судлаагүй. Намайг Т.Содхилчин хүүгээ төрүүлэхээс 12 жилийн өмнө Холбоонуурын заставд нэг эмэгтэй төрж байсан гэж сонсож байсан. Манайх  гурван хүүхэдтэй. Т.Содхилчингийн хувьд гурав дахь хүүхэд минь юм. Манай нөхөр болон миний гэр бүлд хилчин мэргэжилтэй хүн  үгүй. Нөхөр бид хоёр дунд сургуулийн нэг ангийнх. Бид 2013 онд Асгатын заставд гэр бүл болж байлаа. Миний хань хилийн харуулын даргаар ажилладаг. Би хүүгээ эх орондоо эзэн болсон, эрдэм номтой, сайн хүн болгон өсгөхийн төлөө хичээнэ” гэсэн юм.

Хоёрхон настай Т.Содхилчин өнөөдөр өөрийн төрсөн газар болох хилийн заставтаа аав, ээж, ах эгчийн хамтаар аз жаргалтайгаар аж төрөн зоригт хилчдийн дунд өсч торниж байна. Магад Т.Содхилчин хүү нь ирээдүйд эх орны халдашгүй торгон хилийг сахих хариуцлагатай албанд ажиллах нэгэн ч болж мэдэх юм.