Монгол орны цөлжилтөд өмнөд Хятад болон Солонгосчууд ихээхэн анхаарч буй бөгөөд 50 га газрыг ойжуулж, 30 мянган мод тариалахаар болжээ

Монгол орны цөлжилтөд өмнөд Хятад болон Солонгосчууд ихээхэн анхаарч буй бөгөөд 50 га газрыг ойжуулж, 30 мянган мод тариалахаар болжээ

Цөлжилт бол удаан хугацаагаар үргэлжлэх газар доройтох үйл явц бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэж нэрлэдэг.

Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтсон. Үүнээс нэн хүчтэй 4.7%, хүчтэй 18.6%-ийг эзлэх ба засаг захиргааны нэгжийн хувьд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% цөлжилт, газрын доройтолд өртсөн гэсэн судалгаа мэдээлэл бий.

Цөлжилтийн хор уршиг дуусашгүй их. Тэр тусмаа манай улс шиг нүүдлийн мал аж ахуй голлодог улс орны хувьд цөлжилт сүүлийн хэдэн жил ёстой л толгойны өвчин болж буй. Говь нутагт жилийн жилд гангийн байдалтай, мал нь бэлчээрт элс шорооноос өөр дорвитой идэх зүйлгүй, жилийн дөрвөн улиралд шороон шуурганд нүдүүлсээр хүн малгүй цөхөрч гүйцлээ.

Ерөнхийлөгчийн санаачлагаар "тэрбум мод" хөтөлбөр хэрэгжиж эхлээд даруй хоёр жилийн нүүрийг үзжээ. Гэтэл цөлжилтөд дүнтэй хувь нэмэр оруулсан зүйлгүй өнөөг хүрлээ. Өдгөө Монголын цөлжилтөд Азийн бусад улс орнууд ч санаа зовоод эхлэв.

Өмнө хөрш Хятадын Синьхуа агентлаг Монгол орны цөлжилтийн талаар бэлтгэсэн нийтлэлдээ,

"Монгол Улсад цөлжилт газар авч, газрын доройтолд нэрвэгдэж, ургамлан бүрхэвч жилээс жилд тогтмол буурч байгаа тул хүчтэй салхи, хүчтэй шороон шуурга байнга тохиолддог болсон.

Монгол Улс 1,564,116 хавтгай дөрвөлжин км газар нутагтай ч ердөө найм орчим хувийг ой мод эзэлдэг.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжилт, газрын доройтолд нэрвэгдээд байгаа талаар тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ. Монгол орны цөлжилтийн гол хоёр шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, хүний ​​буруутай үйл ажиллагаа юм.

Монголоос эхтэй шороон шуурга Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад оронд  хүрээд байгаа бөгөөд шороон шуургатай хамтран тэмцэх шаардлагатай байна.

Бэлчээрийн даац хэтэрсэн, хариуцлагагүй уул уурхай, хөдөөгийн шороон зам зэрэг хүний ​​буруутай үйл ажиллагаа нь Монгол орны цөлжилт, газрын доройтлыг улам хүндрүүлж байна. Монгол бол дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчин улсын нэг юм. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол Улс 2022 оны эцсийн байдлаар 71.1 сая толгой мал тоолуулсан нь  1918 онд мал тооллого явуулж эхэлснээс хойших түүхэн дээд үзүүлэлт юм. Мал аж ахуйг дэмжих нь далайд гарцгүй, улсын уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой шийдэл гэж үзэж байна" хэмээн цохон тэмдэглэжээ.

Тэгвэл энэ оны тавдугаар сараас БНСУ-ын "BC Card" компани ​​Монголын цөлжилтийн бүс нутагт 50 га газрыг ой моджуулна гэдгээ мэдэгдлээ.

"BC Card" компани нь Солонгосын Байгаль орчны аж үйлдвэр, технологийн хүрээлэнтэй хамтран нэвтрүүлсэн төлбөрийн баримт хэвлэхгүй байх системийг зөвлөж байгаа бөгөөд CU болон 7-Eleven зэрэг дэлгүүрүүдэд картаар төлбөр хийхдээ хэрэглэгчийн хүсэлтийн дагуу төлбөрийн баримт хэвлэхгүй байх аж. Энэ явцад шаардлагагүй цаасны хэрэглээ багасч, хуримтлалыг "Байгаль орчны сан" болгон хуримтлуулж, Монгол улсын цөлжилттэй бүсэд мод тариалахаар шийдвэрлэлээ гэжээ.

"BC Card" компани нь Архангай аймгийн Өгийнуур сум орчмын бүсэд сайн дурын ажилтнууд болон Korea Seven, BGF Retail, Purun Asia зэрэг байгууллагуудтай хамтран тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд 5 хоногийн хугацаанд мод тарьжээ.

Мөн тус компаний зүгээс Иргэний байгууллага, Орон нутгийн засаг захиргаатай хамтран Өгийнуур сумын бүсээс эхлээд төв зам дагуу 400км ногоон хамгаалалтын шугам барихаар төлөвлөж байгаа аж.

Энэ онд багтаан 10 га ойн талбайг нэмж нийт 50 га талбайд мод тарихаар төлөвлөсөн гэжээ. Газарзүйн орчноо харгалзан үзээд чацаргана, хус зэрэг хоёр төрлийн 30 мянган гаруй мод тарьж ургуулах гэнэ. Мөн тогтвортой өсөлтийг хангахын тулд усалгааны байгууламжийг бас шийдэж өгчээ.

"BC Card New Finance Research Institute"-ийн ойжуулалтын төслийн дагуу хөрс, модоор дамжуулж нүүрстөрөгчийн хэмжээг хэр зэрэг бууруулахыг тооцоолсон бөгөөд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 6000 орчим тонноор бууруулах төлөвтэй байгаа гэнэ.

Үүний зэрэгцээ, Тус компаны зүгээс орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг дэмжихийн тулд оршин суугчдад хөдөө аж ахуйн бизнесийн боловсрол олгох ажлыг үргэлжлүүлсээр байна.

BC Card-ийн Шинэ санхүүгийн судалгааны хүрээлэнгийн дарга Ву Сан Хён, "BC Card компани нь төлбөрийн бизнест байгаль орчны үнэ цэнийг шингээсэн цаасгүй системд суурилсан харилцагчид болон түншүүд гэх мэт янз бүрийн оролцогч талуудтай хамтран тогтвортой дэлхийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна" гэж мэдээлсэн талаар Солонгосын News nate хэвлэлд нийтэлжээ.

Азийн улс орнуудын санаа сэтгэлийг зовоосон Монгол орны цөлжилт хэзээ зогсож ард иргэд, малчид тариаланчид нуруу тэнэгэр явах бол. Үүнд хүн нэг бүрийн оролцоо нэн чухал байна.