Г.Гантогтох: “Авьяаслаг Монголчууд 2019” шоу нэвтрүүлэгт оролцсоноор урлагийн хүн болох мөрөөдлөө ааваараа зөвшөөрүүлж чадсан /ВИДЕО/

Г.Гантогтох: “Авьяаслаг Монголчууд 2019” шоу нэвтрүүлэгт оролцсоноор урлагийн хүн болох мөрөөдлөө ааваараа зөвшөөрүүлж чадсан /ВИДЕО/

"Авьяаслаг Монголчууд 2019" шоу нэвтрүүлэгт оролцож, алтан базерын эзэн болсон адтай, авьяаслаг нэгэн охиныг энэ удаад онцлон ярилцлаа. Түүнийг Гандаваа овогтой Гантогтох гэдэг. Энэ жил Хөвсгөл аймагтаа 12 дугаар ангиа дүүргээд, СУИС-ийн найруулагчийн ангид суралцахаар бэлтгэж байгаа аж.

"Авьяаслаг Монголчууд 2019" тэмцээнд оролцож, авьяас чадвар, адтай сэргэлэн байдлаараа үзэгчид байтугай шүүгчдийг ч гайхшруулааад авсан тэрбээр ирээдүйд дэлхийд алдартай, мундаг найруулагч болохыг хүсдэг гэнэ. Хөвсгөл аймагт төрж өссөн бөгөөд СУИС-ийн найруулагчийн ангид орохоор шалгалт өгч, эхний шатандаа дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Багаасаа л хэл ам нь дийлддэггүй, яриа, юм тогтоохдоо сайн хүүхэд байсан гэж ярих түүнтэй бид ирээдүйн мөрөөдөл болоод Авьяаслаг Монголчууд шоу нэвтрүүлэгт оролцож байх үеийн талаар нэхэн ярилцлаа.

ВИДЕО:

Анх яагаад авьяаслаг Монголчууд шоунд оролцох болсон бэ? Ер нь багаасаа л шүлэг уншдаг хүүхэд байсан уу? Гэрийнхэн нь бас хэр их дэмждэг вэ?

Багаасаа их хэл амтай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Манай гэрийнхэн хүртэл намайг их хэрүүлч хүн болох байх гэдэг байсан. Бас юмыг маш хурдан чээжилдэг. Зөндөө их шүлэг цээжлээд хаа сайгүй уншаад явдаг байлаа. Манай аав ээж хоёр маш сайн дэмждэг. Тийм болохоороо ч өдийг хүртэл явсан байх гэж бодож байна.

Авьяаслаг Монголчуудад оролцох болсон нь миний хувьд нэг ёсны тасалбар байсан.

Юуны тасалбар байсан бэ гэхээр аав намайг эхэндээ урлагийн хүн болгохгүй гэдэг байсан. Урлагийн хүний амьдрал хэцүү, хатуу гэдэг байлаа. Тэгээд нэг өдөр Авьяаслаг Монголчууд шоуны бүртгэл явагдаж байна чи орох уу? гэж манай нэг төрлийн эгч асуугаад би "за тэгье тэгье" гэсэн чинь аав "Яах гээд байгаа юм? урлаг хөөж яах гээд байгаа юм бэ? Чи тэгсэн ч угаасаа тэнцэхгүй ээ" гэж байсан. Тэгэхээр нь "ааваа би очоод нэгдүгээр шатандаа тэнцчих юм бол би жүжигчин больё" гэсэн чинь аав дуртай дургүй л явуулсан. Тиймээс тэр бол миний урлагийн хүн болох зөвшөөрлөө авах тасалбар байсан юм.

Гэтэл нэгүдгээр шатандаа тэнцэх байтугай бүр алтан базер аваад финалын шат хүртэл явсан шүү дээ. Тэр үед аав нь яаж хүлээж авсан бэ? Бас эхний шатны үзүүлбэр нь их сонирхолтой санагдсан. Яагаад тэр үзүүлбэрийг сонгох болсон юм бол?

Эхний шатандаа л яаж ийж байгаад тэнцэнэ дээ гэж бодож байсан чинь төсөөлөөгүй юм болсон. Тэгээд л нүүр бардам аавдаа хэлсэн чинь аав, "Өө яанаа тэнцчихсэн юм уу? Өө тэгсэн юм уу?" гээд нэг их баярлахгүй байсан. Гэхдээ одоо бол манай аав намайг маш сайн дэмждэг.

Нэгдүгээр шатны үзүүлбэртээ дархад хошин яриа сонгож орсон. Манай эмээ, ээж дархад хүмүүс байдаг.

Монгол улс ч гэлтгүй дэлхийд ховордож байгаа цөөхөн өвийн нэг нь дархад, цаатангуудын өв соёл. Тиймээс үүнийг олонд таниулья гэсэн зорилгоор тэр үзүүлбэрийг сонгож бэлдсэн. Бас манай дархадууд их хошин хүмүүс байдаг. Үүнийг нь бас харуулбал их сонин гэж бодсон. Ер нь өмнө нь нэг их гарч байгаагүй, тоглогдож байгаагүй сонин содон юм үзүүлье гэж бодож, зорьж орсон доо.

Финалын шат хүртэл явсан шүү дээ. Тэмцээний турш үзүүлсэн чиний хувьд хамгийн том амжилт чинь юу байсан бэ?

Хамгийн сүүлийн шатны үзүүлбэрээс хоёр өдрийн өмнө үзүүлбэрийг маань сольсон. Нэвтрүүлгийн багийнхны зүгээс "Чи наад үзүүлбэрээ битгий хий, боль, үзүээлбэрээ соль" гэсэн. Тэр үед багш маань "Юу яриад байгаа юм бэ? Хоёрхон өдөр л үлдсэн байна. Хүүхэд одоо цээжлэхгүй шүү дээ" гэж хэлсэн. Би бас тэр үед ханиад хүрчихсэн байсан. Тэгээд нэвтрүүлгийн багийнхан "Тэгвэл бас өвчтэй гэдэг шалтгаанаар хасагдчихаж болно. Хүмүүст зарлаад хэлээд ойлгуулчихаж болно шүү" гэсэн. Тэр үеийг одоо бодоход миний үзүүлбэр Хөвсгөл талдаа бас уул уурхайн талаар сэдэв жоохон орчихсон байсан болохоор тэгсэн болов уу гэж боддог.

Хэдий жоохон байсан ч гэсэн Хөвсгөл даяараа тэр олон хүн намайг хүлээж байхад, зүгээр нэг "өвдсөн" гэдэг үгний ард халхлагдаад болихыг хүсээгүй.

Тийм болохоор яг хоёр өдрийн өмнө за солиулья гээд үзүүлбэрээ солиулаад шөнө нь бэлдээд өглөө нь очоод уншаад үзсэн ч талд нь очоод гацчихаад байсан. Ер нь больдог ч юм уу?, энэ ч ер нь бүтэхгүй нь дээ гэж бодож байтал оролцогчид тайзны ард гэсэн. За одоо өнгөрсөн, дүүрсэн гэж бодоод л гарсан. Гэхдээ тэр үед бол ямар ч гацалтгүйгээр урсаад, үйл явдлаа хөөгөөд уншиж чадсан. Тэр л миний ер нь амьдралдаа үзүүлж байсан хамгийн том амжилт байсан даа.

Тэр үеийн жаахан охиныг хүмүүс нэлээд таньдаг болсон шүү дээ. Тэр үед яаж мэдрэгдэж байсан бэ? Мөн цаашдын зорилго юу байна?

Үнэхээр гоё байсан ч нэг талаараа хэцүү байсан. Хэцүү гэхээсээ илүү маш их үүрэг хариуцлага ирж байгаа юм шиг санагдсан. Хөвсгөлчүүд их олуулаа. Тэр олон хүнээс тэгж их итгэл хүлээж авчхаад би дараа нь чадахгүй болчихвол, болохгүй болчихвол яанаа. Тэр олон хүний итгэлийг алдчихвал яанаа гэж бодсон. Тэр бүхний эцэст ганцхан Авьяаслаг Монголчуудаар ч зогсоогүй, өдөр бүр хичээж амьдарч ирсэн. Ирээдүйд Хөвсгөлийнхөө нэрийг Монголдоо чадвал дэлхийн хэмжээнд гаргасан жүжигчин, найруулагч болно гэж боддог доо.