СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь болон зүүн аймгуудын нутгаар 30 градусыг давж халж, аадар бороо орох тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Говь болон зүүн аймгуудын нутгаар 30 градусыг давж халж, аадар бороо орох тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөө маргаашдаа говь болон зүүн аймгуудын нутгаар 30 градусыг давж халж, нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи энэ сарын 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Энэ сарын 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж,  Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +31...+36 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.