ОХУ-аас Монгол Улсын хил давж орж ирсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

ОХУ-аас Монгол Улсын хил давж орж ирсэн ойн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс, Хэнтий зэрэг 11 аймгийн 32 суманд 62 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Ой, хээрийн гал түймрийн дуудлагын тоо 2022 оны мөн үетэй харьцуулахад 17,3 хувиар буурчээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 38 гэр, (сууц) 47 хашаа (саравч), 5 автомашин, 3273 мал, ойн 3396 га, хээрийн 322583.2 га, нийт 325978.2 га талбай өртөөд байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Их үлэлэй гол” гэдэг газар 2023 оны зургаадугаар сарын 11-ний өдөр ОХУ-аас Монгол Улсын хил давж орж ирсэн түймрийг унтраахаар ОБЕГ-ын ГТТГ-ын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшингээр ахлуулсан ҮАБ-ын 21 алба хаагч ажиллаж байна. Уг түймэр гарч буй газар нь бартаа саад ихтэй автомашин техник, мориор очих боломжгүй тул ЗХ-ний нисдэг тэргээр очиж унтраахаар ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант баг ”Гучинтавын-Ам” гэдэг газар зургаадугаар сарын 12-ны өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагаар Сэлэнгэ аймгийн ОБГ-аас 22 алба хаагч 1 автомашинтай, орон нутгаас 28 хүн, 1 автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн ой, хээрийн бүсэд аялал, амралт зугаалгаар зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.