АНУ-ын "Даблью Эм Майнинг" компани лицензийн асуудлаар Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгч, маргаан шийдвэрлэх хурал саяхан болжээ

АНУ-ын "Даблью Эм Майнинг" компани лицензийн асуудлаар Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгч, маргаан шийдвэрлэх хурал саяхан болжээ

Америкийн Нэгдсэн Улсын "Даблью Эм Майнинг" компани Монгол Улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгчээ. 

Тодруулбал, Монгол Улсад бүртгэлтэй "Их тохойрол" ХХК-ийн хөрөнгө оруулагч "Даблью Эм Майнинг" компани нь 2021 онд Монгол Улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгсөн байна. Улмаар тус маргааныг шийдвэрлэх арбитрын хурал тавдугаар сарын 30-ны өдрөөс зургаадугаар сарын 8-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтоны ДиСи хотод байрлах Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төвд болжээ. 

Тус хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх бүрэлдэхүүний ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, гишүүнээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай,  Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Эрдэс баялгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Н.Мөнхтуяа нар оролцсон байна. Мөн Арбитрын хэргийн гэрчээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газарт байгаль орчны нэгдсэн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан ахлах шинжээч С.Эрдэнэцэцэг, Усны газрын дарга асан Ш.Мягмар, Төв аймгийн Заамар сумын Засаг дарга асан, Д.Болормаа, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга асан Т.Баатар нар оролцжээ.

Одоогоор хурлын шийдвэр гараагүй байгаа талаар Дэлхий банкны цахим хуудаснаа мэдээлсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Америкийн Нэгдсэн Улсын "Даблью Эм Майнинг" компани Монгол Улсын Засгийн газрыг ямар шалтгаанаар Арбитрын шүүхэд өгөв гэдэг нь анхаарал татаж байна. Тус компани нь "Их тохойрол" ХХК-ийн хөрөнгө оруулагчаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Их тохойрол" ХХК нь Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт MV-007712, MV-007713 тусгай зөвшөөрлийг анх эзэмшиж байсан аж. Улмаар уг зөвшөөрлөө 2016 онд “Эко Алтан заамар”-ын нэр дээр шилжүүлсэн байна.

Гэтэл БОАЖЯ-наас дээрх компанийг "хууль зөрчсөн" шалтгаанаар тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргажээ. Энэ нь дээрх хөрөнгө оруулагч компани Монгол Улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөх шалтгаан болсон байж магадгүй байгаа юм. Энэ талаарх шийдвэр хэрхэн гарсан талаар бид эргэн мэдээлэх болно.