ВИДЕО: “Борхүү” хэмээх бугыг өчигдөр Богдхан ууланд нутагшуулахаар тавьсан ба тэрээр “хүн дагаад явчихдаг нь хэвээрээ” байгаа гэлээ

ВИДЕО: “Борхүү” хэмээх бугыг өчигдөр Богдхан ууланд нутагшуулахаар тавьсан ба тэрээр “хүн дагаад явчихдаг нь хэвээрээ” байгаа гэлээ

Энэ орчлонд сайхан сэтгэлтэй, сайн үйлстэй хүн олон. Төрсөн үрээ голоод хаясан нэгэн байхад амьтны зулзага олж тэжээн, өөрийн хүүхэд мэт өсгөсөн нэгэн ч бий. Үүний нэг жишээ бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин эмэгтэй Д.Буянтогтох болон түүний гэр бүл юм. Тэд 2020 оны хавар  осгосон бугын элийг олж тэжээн Борхүү хэмээн нэрлэж, өөрийн хүү мэт өсгөсөн байдаг.

Монголын ард түмний хэдийнээ танил болсон Борхүүг бид энэ удаагийн  сурвалжилгаараа онцолж байна.

Борхүү нэртэй буга өдгөө гурван нас хүрсэн бөгөөд Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр Борхүүг Богдхан ууланд тавих шийдвэрийг гаргасан юм. Ингээд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ийн талбайд бэлчээрлүүлж, өвлийг өнтэй давсаны дараа ийнхүү "Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа"-ны хяналтад Богдхан ууланд өчигдөр /2023.06.18/ ижил сүргийнх нь хамт нутагшуулахаар тавьсан юм.

ВИДЕО:

Бид энэхүү үйл явдлыг сурвалжлахаар Борхүү дээр очиход тэр бусад бугануудаасаа тусдаа ганцаараа идээшилж байв. Түүнийг харж, хамгаалж байсан хүнээс Борхүүг бусадтайгаа хэр нийлж, зэрлэг байгаль болон ижил сүрэгтэй хэр сайн дассаныг хуучилахад "Анх ирсэн үеэсээ тодорхой хэмжээнд өөрчлөлт гарсан хэдий ч бага зэрэг зожиг, хүн л байвал дагаад явчихдаг хэвээрээ л байгаа. Хашаанаас гаргаад тавина гэхээр жаахан санаа зовж л байна" гэсэн юм.

-ЗЭРЛЭГ АМЬТНЫГ ЗЭРЛЭГ БАЙГАЛЬД БАЙЛГАХ НЬ Л
ХАМГИЙН ЗӨВ ТУС ДЭМ-

Монгол зон олон байгаль дэлхий болон амьтан хайрлах сэтгэлтэй, өрөвч зөөлөн, тусч цайлган сэтгэлтэй ард түмэн. Үүний нэг илрэл болсон Борхүү нэртэй буга олон хүний дэм тусын ачаар ийнхүү нас биед хүрч, үржилд орох насан дээрээ очжээ. Бид түүнийг байгальд хэр дасан зихицсон болон зэрлэг амьтны үр төлийг энэ мэтээр тэжээх нь нэг талаасаа буруу зүйл юм биш биз гэж бодсоны үндсэн дээр “Амьтан асралт” ХХК захирал, амьтан судлаач Г.Цэрэнтогтох гуайгаас асууж тодрууллаа.

Тэрбээр, “Зэрлэг амьтан гэдэг үр төлөө гаргаад байгальд нуучихсан байдаг. Түүнийг нь мэдэлгүй хүмүүс эхээсээ төөрчихөж, эх нь хаяад явчихаж гээд аваад явчихдаг. Энэ маш буруу. Нэг ёсондоо амьтныг эхээс нь салгаж, өнчрүүлж байна гэсэн үг. Тиймээс зэрлэг амьтныг зэрлаг байгальд нь л үлдээх нь хамгийн зөв алхам. Үүнийг үр хойчдоо ч захиж байх хэрэгтэй. Борхүүг олж тэжээн хүнд хэтэрхий их дасгасны улмаас зарим нэг хүндрэл бэршээлүүд тохиолдож байна. Аливаа амьтныг сэргээн нутагшуулах, өсгөж үржүүлэхэд гол нь хүнээс хол байлгах хэрэгтэй байдаг юм. Гэхдээ цаашдаа ижил сүрэгтэйгээ нийлээд, байгальдаа дасан зохицож, өсөж үржээд сайн сайхан болох байх” гэсэн юм.

Мөн Борхүү нэрт бугыг Өвөрхангай аймгаас энэ хүртэл авчирж, нутагшуулсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэг Н.Бүтэнсайнаас цаашид ямар арга хэмжээ авч, хянаж байх талаар тодрууллаа.

Тэрбээр, "Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Борхүүг Өвөрхангай аймгаас авчирж, Богдхан ууланд нутагшуулахад "Мөнгөн эгшиг” ХХК үүрэг, хариуцлага хүлээн ийнхүү өвлийг өнтэй давахад нь тус дэм боллоо. Ижил сүрэгтэйгээ дассан тул цаашид хот руу тэмүүлээд, хүн бараадаад байхгүй гэж итгэж байна. Бид ингээд хашаанаас нь гаргаад шууд хаячихгүй цаашид тодорхой хэмжээгээр хянаж шалгаад явна" гэлээ.

Ийнхүү Монгол түмний хэдийнээ танил болсон Борхүү нэртээ энэ буга байгаль дэлхийдээ буцаж, хүнээс алсран холдож, зэрлэг амьтны төрхөндөө орлоо. Хэдий амьтан ч гэсэн хэзээ нэгэн цагт хүн төрөлтний, олон сайн үйлстний тус дэмийг санана гэж итгэж байна.