ЭЕШ-д 800 оноо авахад ээж, аав минь баярын нулимстай нүдээр хараад “Миний охин мундаг шүү” гэж хэлэх тэр мөч хамгийн сайхан байсан

ЭЕШ-д 800 оноо авахад ээж, аав минь баярын нулимстай нүдээр хараад “Миний охин мундаг шүү” гэж хэлэх тэр мөч хамгийн сайхан байсан

Элсэлтийн Ерөнхий шалгалт зургаадугаар сарын 15-17-ны өдрүүдэд улс орон даяар болж өнгөрлөө. Улсын хэмжээнд нийт 158 хүүхэд 800 оноо авсан байна.

Бид энэ удаад Англи хэлний шалгалтанд 800 оноо авсан Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23-р сургуулийн 12д ангийн сурагч Баяр овогтой Нандин-Эрдэнийг онцлон ярилцлаа. 

ВИДЕО:

-Юуны өмнө ЭЕШ-аа амжилттай өгч, 800 оноо авсанд нь баяр хүргэе! Ямар ямар хичээлүүдээр шалгалт өгсөн бэ? Сургалт давтлаганд хамрагдав уу?

-Элсэлтийн Ерөнхий шалгалтийг Англи хэл, Математик, Физикийн хичээлээр өгсөн. Англи хэлний хичээл дээр IELTS-ийн оноогоо дүйцүүлээд 800 оноо авсан. iELTS-аа ЭЕШ-аа дүйцүүлэх зорилгоор мөн гадаад улсад сурахад хэрэгтэй  болов уу гэсэн үүднээс өгсөн. Англи хэлийг арван жилийн системийн дагуу л сурсан. Нэг их давтлаганд суугаагүй.  Багахан хугацаанд л сургалтанд суусан.

-Цаашдаа ямар мэргэжилтэй болж, хаана сурахаар төлөвлөж байна?

-Сэргээгдэх эрчим хүчний мэргэжлээр Хятад улсын Сынхуан их сургуульд орохоор төлөвлөж байна. Эхний байдлаар тэнцсэн байгаа.

-Англи хэлийг сурахад Монгол хүн гэдэг утгаараа ямар нэг давуу байдал олж харав уу?

-Монголчууд бүх авиаг дуудаж чаддаг нь хэл сурахад хамгийн том давуу тал бий болгодог юм шиг санагдсан. Хятад Солонгос хүмүүсийн дуудлага нь бөөрөнхийдүү, зарим авиагаа хэлж чаддаггүй бол манай Монголчууд жаахан хичээхэд л төрөлх хэл нь мэт сайн сурч чаддаг.

-Бусад хичээлүүдийнх нь дүн ямар байсан бэ? Сэтгэл хангалуун байв уу?

-Бусад хичээлүүдэд нэг их сайн аваагүй ч дүндэн сэтгэл хангалуун байгаа. Энэ жилийн ЭЕШ-ын материал их дажгүй санагдсан. Өөрсдөө л бэлдчихсэн байсан бол асуудалгүй хүссэн оноогоо авч чадахаар байлаа. Манай үеийнхэн бэлдэх нэг нь бэлдээд зарим нь бэлдээгүй байсан тул дүн оноо нь  өнгөрсөн жилүүдээс арай бага гарч байх шиг байна. Жаахан хайхрамжгүй хандсан тал бий байх.

-Энэ жил ЭЕШ-дээ хэрхэн бэлдсэн бэ?

-ЭЕШ өгөхдөө сургалт давтлаганд суугаагүй, багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь хийгээд л явсан. Мөн нэмж ЭЕШ.мн апп-ыг ашигласан. Бүх хичээлийн тест даалгаврууд багтсан апп байдаг. Заавал мөнгө, цаг зав зарцуулахгүйгээр автобусанд явж байхдаа ч уншиж судлах боломжтой байсан нь илүү амар санагдсан.

-Төгсөх ангийн сурагчид маш их дарамт мэдэрдэг. Өөрийн чинь хувьд энэ жил ямар байв?

-Энэ жил үнэхээр дарамт мэдэрсэн. ЭЕШ өгөхөөс илүү Хятад дахь сургуульдаа тэнцэх эсэхээ хүлээж байхад илүү дарамт мэдэрсэн. Бусад хүмүүсээс “Чи чадах уу?, Одоо чи юу даа?” гэх мэт бассан үгс үнэхээр хор шарыг маань малтаж байсан. Мөн ар гэрийнхэний итгэж найдаж байгаа сэтгэл бага зэрэг дарамт болдог юм байна лээ. Сургуульдаа тэнцсэн мэдрэмж хамгийн гоё байсан. Аав ээж хоёр хүртэл маш их баярлаад нулимс дүүрэн нүдээр хараад “миний охин сайн байна” гэхэд л арай санаа амарч, дүүрэн амьсгаа авсан даа.

-Яагаад Англи хэлийг сонгон сурах болов? Анх дүнгээ сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Англи хэлгүй бол угаасаа дэлхийтэй хөл нийлүүлж алхана гэж худлаа юм байна лээ. Англи хэл сурснаар Фээсбүүкээр хязгаарлагддаг байсан мэдлэгийн цар хүрээгээ илүү тэлсэн. Хөгжихийн тулд ер нь хэл сурахаас өөр аргагүй санагдсан. Анх ээж аав хоёрын шахалтаар л сурч эхэлсэн дээ.

-Энэ жилийн ЭЕШ-д давуу талтай санагдсан зүйл байсан уу? Оноогоо сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ жил оноо дүйцүүлдэг болсон нь илүү давуу талтай санагдаж байгаа. Чадвартай хүүхдүүд нь олон улсын хэмжээнд ч дүгнэгдээд, өөрийн улсын хэмжээнд чадвараа үнэлүүлж байгаа нь таалагдсан. Оноогоо сонссон хүүхдүүд хажууд уйлаад байсан болохоор тэднийг дагаад бас их сандарсан. Тухайн үед аль болох тайван байхыг л хичээсэн дээ.

-Сургуулиа төгсөөд хаана ажиллах сонирхолтой байна?

-Манай үеийн ихэнх хүүхдүүд гадаадад сураад үргэлжлүүлэн тэндээ амьдрах сонирхолтой байдаг. Үүнд магадгүй нийгэм орчин нөхцлөөс болдог байх. Гэхдээ миний хувьд эх орондоо эргэж ирээд мэргэжлээ түгээн дэлгэрүүлэхийг хүсдэг.