“Англи хэлийг бага ангиас нь заах” хуулийг ЗГ өөрөө санаачилчхаад, өөрөө унагаж байгаа нь Орост шатахууны, Хятадад нүүрсний экспортын шахалтад орсны шинж

“Англи хэлийг бага ангиас нь заах” хуулийг ЗГ өөрөө санаачилчхаад, өөрөө унагаж байгаа нь Орост шатахууны, Хятадад нүүрсний экспортын шахалтад орсны шинж

Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийн мөчид улстөрчдийн тар танигдаж, хэн нь хэн бэ гэдэг нь харагдав. Тус хуулийг хоёр жилийн өмнө буюу 2021 оны зургаадугаар сард УИХ-д өргөн барьж байлаа. Үүнээс хойш урт хугацаанд нийгмийн шат, давхарга бүрт хэлэлцүүлэг хийгдэж өнөөдрийг хүрсэн.

Хуулийг санаачилж, боловсруулагч нь Боловсрол, шинжлэх ухааны яам буюу Засгийн газар. Хэлэлцэж эхэлсэн нь өнгөрсөн тавдугаар сарын 03 /2023.05.03/-ны өдөр. Ингээд хуулийг байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн Боловсролын ерөнхий хуулийн төслийн 6.6-д “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна” гэх заалт олны анхаарлыг татсан.

ВИДЕО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "англи хэлийг хоёрдогч хэл болгоно" гэж удаа дараа мэдэгдэж байлаа. 

-СУДЛАХ ҮНДСЭН ГАДААД ХЭЛ “АНГЛИ ХЭЛ БАЙНА” ГЭСЭН ЗААЛТЫГ МОНГОЛД СУУГАА ОРОСЫН ЭЛЧИН И.АЗИЗОВ ЭСЭРГҮҮЦЭЖ, “ШАТАХУУНАА 10 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АВААРАЙ” ХЭМЭЭН ДАРАМТАЛЖ БАЙВ-

Уг заалтыг тус хуулинд оруулах санаачлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг гаргасан гэх мэдээлэл байдаг. Учир нь тэрбээр англи хэлийг хоёрдахь хэл болгоно зэргээр өмнө нь хэд, хэдэн удаа мэдэгдэж байв.

Ингээд хуулийн төсөлд тус заалтыг оруулсан даруйд буюу төслийг дөнгөж боловсруулж эхэлж байсан үед хоёр хөрш буюу Орос, Хятадын манай улс дэхь Элчин сайдын яамнаас эсэргүүцсэн бичиг, цаасыг Боловсролын яам руу “шидэж” улмаар Элчин сайд асан И.К.Азизов хүртэл “Литр шатахууныг 10 мянган төгрөгөөр аваарай” зэргээр сүрдүүлсэн байдаг. И.К.Азизовын Монголоос явсан шалтгаан ч энэ гэдэг.

Боловсролын яам, Засгийн газрын тухайд уг заалтыг явуулдгаараа явуулж чуулганы анхны хэлэлцүүлгээр дэмжүүлсэн. Анхны хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд “англи хэлийг бага ангиас нь заах шаардлагагүй. Монгол хэл, монгол хүүхдийн дархлаа” зэргээр сэтгэгдэл хэлэхэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр, сууриа бат хамгаалж, олон нийт ч дэмжиж байлаа. Иргэдийн тухайд “Мөнгөө төлөх боломжтой айлын хүүхдүүд англи хэл сурч, тэр хэрээр гадаадын их, дээд сургуульд сурч байна. Бусад хүүхдийн хувьд англи хэлийг сурах боломжгүй учраас гадаадад сурах боломжгүй байдаг. Манайх шиг мөнгө төлж англи хэл сурдаг улс дэлхийд хаана ч байхгүй. Боловсролын системээрээ тэргүүлэгч орнууд бүгд англи хэлийг бага ангиас нь заасан байдаг. Хүн төрөлхтөн англи хэлээр ойлголцож, дэлхийн шинжлэх ухааны сургалтын хэрэглэгдэхүүн энэ хэл дээр хэвлэгдэж байна. Энэ тохиолдолд манайх хоцорч болохгүй” зэргээр бичиж байлаа. 

Улмаар уржигдар /2023.06.19/ ажлын хэсгийн хурлын үеэр зарим гишүүд санал гарган тус заалтыг хасах гэхэд УИХ дэхь ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Г.Дамдинням “чуулганы хуралдаанаар дэмжигдсэн саналыг хасах нь Дэгийн хууль зөрчинө” хэмээн бухимдаж авч үлджээ. Гэтэл өчигдөр /2023.06.20/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор хэлэлцүүлэг хийх үеэр УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргээс сонгогдсон Ж.Чинбүрэн “Улсын хар хайрцаг, геополитикт хортой” гэх шалтаг гаргаж улмаар зарчмын зөрүүтэй санал гаргаад тус заалтыг унагааж орхив. Түүний саналыг хэн, хэн дэмжсэнийг уншигчид та бүхэн мэднэ.

Хамгийн ноцтой нь тус заалтыг хасах саналыг хуулийг боловсруулсан, өчигдрийг хүртэл бат хамгаалж байсан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дэмжсэн нь анхаарал татаж байгаа. Тэрбээр энэ үйдлээ олигтой үндэслэлээр ч тайлбарлаж чадаагүй. Бараг Ж.Чинбүрэнгийн гаргаж ирсэн шалтгаанаас ялгараагүй юм ярьсан. Засгийн газрын сайд нар нь Засгийн газрынхаа боловсруулсан хуулийн чухал заалтыг унагасан нь ямар шалтгаантай вэ. Хэн үүнд нөлөөлөв. Энэ асуудлаар улс төрийн хүрээнд ямар асуудал болов гэдэг нь анхаарал татна.

-ОРОСЫН АНГАРСАКИЙН ҮЙЛДВЭРТ ЗАСВАР ХИЙХ ТУЛ ИРЭХ ДОЛОО, НАЙМДУГААР САРД МОНГОЛД ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ-

Засгийн газар санаачилсан хуулийн төслөө унагаж, улмаар нэг гишүүн хүн итгэхээргүй шалтагийг байнгын хорооны хурлаар гэнэт гаргаж ирж түүнийг бүгдээр дэмжиж буй нь зохион байгуулалттай ажил юм биш биз. Үүнд  БНХАУ, ОХУ нөлөөлсөн үү, улс төрийн хүрээндээ тус хоёр улсын шахалтад орсон уу гэдэг асуудал л өчигдрийн үйл явдал илүү дөхөж ойртоно. Хоёр хөршийн тухайд эхнээс нь тус заалтыг эсэргүүцэж байсан. Гэхдээ хоёулаа бага ангиас нь англи хэлийг заадаг улс. Бид урд хөрштэйгээ X Богд, Нүүрсний экспорт гээд олон асуудалтай байгаа. Харин хойд хөрштэйгөө цахилгаан, шатахуун гээд мөн ялгаагүй. Энэ өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилж байна. Энэ үеэр ирэх долоо, наймдугаар сар /2023.07,08/-д Оросын Ангарсакийн үйлдвэр засварт орох учир Монголд шатахуун нийлүүлэх боломжгүй гэх асуудлыг айлын талаас тус айлчлалын үеэр хөндсөн гэх мэдээлэл байна. Харин манайх шатахуунаар таслахгүй байх, хямд зарахыг гуйсан гэж буй.

Бид хоёр хөрштэйгээ найрсаг харилцаагаа үргэлжлүүлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч БНХАУ-д айлчилж, нүүрсний экспортоо ярьж тохирох гэж байна. Тэгэхээр ганц энэ заалт дээрх бүхэнтэй холбогдсон юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Энэ заалт бол монголчуудын боловсролын хувьд “үзэл санааны тунхаг” байх учиртай. Үүнийгээ монголчууд үзэл санаа, үнэт зүйл болгон тунхаглах нь хоёр хөршид таалагдахгүй байх талтай. Боловсролын хууль бол хамгийн чухал хууль. Энэ ч үүднээс өндөр ач холбогдол өгч байгаа. Гэтэл монголчуудыг “дэлхийн хэлтэй” болгох, боловсролын үзэл санаагаа тунхаглах нь ийм их үнэ цэнэтэй байсан гэдгийг одоо л бид ухаарч байна. Дашрамд дурдахад, тус хуулийг маргааш байнгын хороогоор үргэлжлүүлэн хэлэлцэж, маргаан дагуулсан дээрх заалтыг авч үлдэх эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэнэ.