ВИДЕО: Үндэсний их баяр наадмын 50 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг "шагчид" 500 мянган төгрөгөөр худалдаалж байна

ВИДЕО: Үндэсний их баяр наадмын 50 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг "шагчид" 500 мянган төгрөгөөр худалдаалж байна

Монголын Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг Монгол угсаат иргэн бүр үзэхийг зорьдог. Үүний зэрэгцээ Монголын наадмыг үзэхээр гадаадаас зорин ирж буй жуулчдын цуваа тасардаггүй. Манай үндэсний өв уламжлал, хувцас хэрэглэл тэдэнд шинэхэн бөгөөд соньхон байдаг нь мэдээж.

Гэтэл жилийн жилд олны хэл амыг дагуулдаг нэгэн асуудал бол наадмын билетийг дамлан зарж буй явдал юм. Бид зүгээр шүүмжлээд суух бус хамтдаа гарц гаргалгааг хайх үүднээс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО:

Энэ жил Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын билетийг 42000-52000 төгрөгөөр, машины зогсоолыг 21 мянган төгрөгөөр shoppy.mn хариуцан enaadam гэх цахим платформыг ашиглан худалдан борлуулсан.

Гэвч ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүс наадмын тасалбарын үнийг зохион байгуулалттайгаар хөөрөгдүүлж, дамлан зарж буй асуудал жил бүр олны дургүйцлийг хүргэдэг.

Харин энэ жилийн хувьд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан талаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга И.Баатархүү тайлбарлахдаа, "Өмнө жилүүдийг бодвол энэ жил цахим платформ ашиглан нэг хүн хоёроос дээш билет худалдаж авах боломжгүй болж байгаа бөгөөд ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг хүмүүс бөөнөөр нь буюу шагийн хэлбэрээр зарах асуудал байхгүй. Нэг хүн хоёр билет гэдгээр хязгаар тавьж өгсөн. Аваад үзэж амжилгүй зарах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Тэрийг бид хэлж мэдэхгүй. Харин зохион байгуулалттайгаар шагийн үйл ажиллагаанд оруулж, хэн нэгэн ашиг олох боломжийг хаасан” гэсэн юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр буюу долдугаар сарын 1-нд билетийг борлуулахад 15 минутын дотор л зарагдаж дуусжээ.

Үүнийг амжиж аваагүй, үзмээр байсан ч хүрэлцээгүй иргэд олон. Гэтэл энэ долоон хоногоос эхлэн шагийн билетийг тэнгэрт тулсан үнээр буюу 300-500 мянган төгрөгөөр худалдаалж байгаа талаар тодруулахаар бид "наадмын тасалбар зарна" гэсэн зарын дагуу утсаар холбогдож тодруулсан юм.

Эхний холбогдсон иргэн, "Нэг нь 300 мянга гэж байгаа. Сүүдрэвчтэй суудал. Нэмж олж өгч болно. Гэхдээ 300 мянгад л олдох байхдаа. Хүнээс олж өгөх учир түүнээс их ч болж магадгүй. Яг зарагдаж байхад нь авсан" гэж ярьсан юм.

Ийнхүү бид зарын дагуу дахин нэг худалдан борлуулж буй иргэнтэй холбогдлоо. Тэрбээр, "Нэг нь 250 мянган төгрөг гэж байгаа. Өөрт чинь хэд хэрэгтэй байгаа юм? Надад бол 9 дүгээр секторт зургаа, 5 дугаар секторт хоёр гээд нийт найман билет байна. Яг л адилхан бүгдээрээ сүүдрэвчтэй. Олныг авбал машины Г зөвшөөрөл үнэгүй өгч болно. Ер нь бол авъя гэсэн хүмүүс нэлээн байгаа" гэлээ.

Ийнхүү наадмын билетийг гадаад байтугай дотоодын бид ч гайхам, өндөр үнээр дамлан зарж байна. Гэтэл ганц Үндэсний их баяр наадмыг үзэхээр зорин ирж буй гадны жуулчид цөөнгүй.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.

Үүнтэй холбогдуулан Засгийн Газраас зарим өөрчлөлтүүдийг хийж хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох, нислэгийг нэмэгдүүлж Япон улс руу 7 хоногт 60 удаа, БНСУ-руу 7 хоногт 70 удаа, БНТУ-руу 7 хоногт 34 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм. Ийнхүү "Welcome to Mongolia" уриан дор эх орондоо нэг сая жуулчин хүлээн авахаар зорин ажиллаж байна. Манай улсад зургаан сарын хугацаанд ОХУ-аас хамгийн олон буюу 111,216 жуулчин ирсэн бол БНХАУ-аас 41,768, БНСУ-аас 27,743 иржээ. Тэд Улаанбаатарын хэдэн барилгыг үзэх гэж ирэхгүй нь мэдээж. Үзэсгэлэнт байгаль, үндэсний өв уламжлалтай нь танилцах гэж сонирхон ирж байгаа.

Манай улсад 6-8 дугаар сард зуны улирал тохиодог тул энэ үеэр жуулчид хамгийн их ирдэг.

Аялахад тохиромжтой цаг хугацаа богино тул энэ хугацаанд гадаадаас ирсэн жуулчид нэмэгдэж байгаа ч зочид буудал, амралтын газрын хүрэлцээ, дэд бүтцийн хөгжил маш дутмаг. Сонирхон үзэхээр ирж буй наадмынх нь тасалбар ч олдохгүй, олдож байгаа нь тэнгэрт хадсан үнэтэй. Ерөөс Монголчуудын нэг гэм нь гадаад жуулчдыг мөнгө л гэж хардаг.

Дээр дурдсанчлан наадмын билетийн үнийг 7-10 дахин нэмэн борлуулж байгаа нь зохицуулалт муу байгаагийн л нэгэн жишээ. Энэ жил хэдийгээр цахимаар борлуулж нэг хүн хоёроос дээш билет авах боломжгүйгээр зохицуулсан хэдий ч ийнхүү билетийн үнийг бүр л тэнгэрт хадсан үнээр дамлан борлуулах шалтгаан болов уу гэлтэй. Аманд ч үгүй хамарт ч үгүй, хэзээ ч хүрэлцдэггүй наадмын билетийг тэнгэрт хадсан үнээр үзэж байснаас бүгд гэртээ халуун ам бүлээрээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө суугаад Үндэсний их баяр наадмаа үзсэн нь дээр болов уу? Харин наадмын тасалбараа жуулчдад тохирсон үнэ ханшаар нь худалдан борлуулбал тэр нь харин Монголын аялал жуулчлалын салбарыг харь оронд сурталчлан таниулах, сайн нэрийг түгээхэд тус дэм болно.