Бид энэ удаагийн амьтадын эрхийн төлөөх онцлох дугаартаа нэгэн сонирхолтой гэр бүлийг онцлон ярилцлаа. Тус гэр бүл ам бүл зургуулаа дөрвөн хүүхэдтэй. Ингэхдээ энэ айлын хоёр хүүхэд нь цагтаа олны зодуурын хэрэгсэл болж гудамд зүдэрч явсан ноход юм. Тэдийг Мишка, Мафин гэдэг. Харин тэднийг хайраар өсгөж буй эмэгтэйг Р.Болормаа гэнэ. Багийн л өрөвч нинжин сэтгэлтэй тэрбээр хүнд зодуулж, нүдгүй, сүүлгүй болж хавирган тоологдохуйц турсан нохдыг хараад “ядаж үлдсэн амьдралд нь жаргалтай байлгая” хэмээн бодож шууд л үрчилж авсан гэх.
Уг нь Р.Болормаа нохой тэжээнэ гэж бодож ч яваагүй юм байна лээ. Гэтэл одоо өөрөөс нь салдаггүй. Туйлын эрх хоёр мантайсан ганган ноходтой болж хэн хүнээс илүү хариуцлагатай эзэн, ээж нь болжээ. Иймд багагүй зовлон туулсан ч өдгөө амьтадыг хэрхэн хайрлах, яаж өсгөх гэхчлэн бусдад үлгэр болж буй Р.Болормаа болон түүний хүүхдүүдийн ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
“Бид гурвыг гадуур явахаар наад нэг муухай нохойгоо аваач гээд л ад үзнэ. Янз янз болно. Нохой дайраад тоолгүй явна. Энэ бүхэн монгол хүний мөс чанар алдагдаж хүн муутай болж буйн шинж”
-Сайхан наадаж байна уу. Юуны түрүүнд зочид маань манай үзэгч болон уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Та бүхэн сайхан наадаж байна уу. Намайг Болормаа гэдэг. Миний хүүхдүүдийг Мишка, Мафин гэдэг.
-Мафин, Мишка хоёртой анх танилцсан түүхээ хуваалцаач. Мөн хамт амьдраад хэдэн жил болов?
-Би Мафинтайгаа анх гурван жилийн өмнө танилцаж, үрчилж авч байсан. Харин Мишкагаа жилийн дараа үрчилж авсан. Ингээд бид гурав хамтдаа гурван жил амьдарч байна. Анх манай Мафин гудамжинд зовж явж байгаад амьтанд хайртай залуусын ачаар аврагдсан. Гудамжинд нэлээн их зовж амьдарч байгаад надад ирсэн нохой юм. Мишка маань мөн ялгаагүй. Тахилтад мөн л зовж байсан. Хүнд зодуулаад гавлын яс нь гарчихсан. Идэх хоолгүй хавирган тоологдохоор турсан байдалтай зовж яваад ирсэн. Анх олдоод Их Монгол хорооллын SOS эмнэлэгт Азтай саврын амьтанд хайртай залуусын хандиваар эмчлэгдэж одоо эрүүл саруул сайхан амьдарч байна даа.
-Танай гэр бүлийн хувьд нохдоо тэжээвэр амьтан гэж дуудах биш. Хүүхдүүд хөөрхөн охид хөвгүүд гэж дууддаг юм шиг байна. Тэгэхээр тэд гэр бүлдээ яг тийм орон зай эзэлдэг гэсэн үг үү?
-Тиймээ. Гэртээ гэрийн тэжээвэр амьтан тэжээж, үрчилж авна гэдэг чинь гэр бүлийн гишүүн болж байна гэсэн үг. Одоо энэ хоёр маань ч намайг “ээжээ” гэж бодно. Ямар сайндаа би өөрийгөө “хоёр хүн хүүхэдтэй. Хоёр нохой хүүхэдтэй” гэдэг юм. Яг л хүүхэд шиг л өсөж байгаа даа энэ хоёр маань амьтан гэдгээ марчихсан. Би ч өөрөө мартаад яг л хоёр хүүхэд өсгөж байгаа юм шиг өсгөдөг. Ер нь бол амьтан гэдэг чинь яг л хүн юм байна лээ. Би анх тэжээдэггүй байхдаа ойлгодоггүй байсан. Одоо энэ хоёрыгоо аваад гурван жил болж байна. Тиймээс нохойг ярьж чадахгүй гэж бас хэлж чадахгүй. Яагаад гэвэл өөрийгөө ойлгуулаад ярина. Манай Мишка бол мм мм л гэж дугарна. Мафин бол “ау ау” гэж авиа гаргаад бас яриад байдаг.
-Мафин, Мишка хоёр нь хүнд зодуулж явсан болохоор хүнээс айж, хүмүүжүүлэхэд амаргүй байсан байх?
-Мафин болохоор анх жаахан ширүүн байсан. Мэдээж шүү дээ. Гудамжинд зовж явахдаа олон согтуу хүмүүст зодуулна. Тэгээд над дээр ирээд илэхэд өөдөөр архирдаг байсан. Тэгэхээр нь илээд болохгүй за гэж ойлгуулаад хайрлаж халамжлах юм бол амьтан энэ хүн намайг үнэнээсээ хайрлах юм байна гээд хурдан дасдаг. Мишкагаа эмнэлэгт байхад нь эргэж очдог байсан юм. Тэгээд намайг харахаараа шээс алдаад л нулимс нь урдаас байдаг байсан. Тэгээд л хөөрхий амьтан очиж авах үед намайг үрчилж авна гэдгийг мэдэрсэн байсан юм уу даа. Намайг хараад л бөөн баяр болдог байсан. Би ч гэсэн нэг нохойтой байж олон юм бодолгүй Мишкагаа ерөөсөө л миний нохой болно гэж бодоод хоёуланг нь үрчилж авсан юм.
-Анх олдсон зураг нь өөр нохой юу л гэмээр харагдаж байна. Тэдний хооллолт, өдөр тутмын арчилгаанаас хуваалцаач?
-Зориулалтын чанартай хоолоо идээд хайр халамж, хүний асаргаанд байгаад хурдан тэнхэрсэн. Гэхдээ одоо хөөрхий минь зодуулсан учраас эдгэрсэн ч гэсэн гавал хэсгийнх нь үс ургахгүй байгаа юм. Ингээд эдгэрчихсэн. Мэдээж амьтан бас гадаа гарч гүйж, тоглож байж цовоо сэргэлэн байна шүү дээ. Наад зах нь гэрээс гардаггүй амьтан рахиттай болдог гэдэг. Тэгэхээр энэ хоёрыг хар багаас нь салхинд гаргадаг болсон. Манай хоёр чинь бүр хүүхдүүдээс маань илүү л салхинд гараад байдаг. Өвөл зунгүй л салхинд гардаг.
Мөн маш олон амьтан гудамжинд зовоод л муур, нохойнууд явж байна. Таарах юм бол ядаж ус аваад нэг удаагийн савтай хоолнууд авч өгөөсэй гэж уриалмаар байна.
-Таны хувьд нохой тэжээнэ гэж огт бодож байгаагүй гэсэн. Тэгэхээр яагаад хоёроор нь үрчилж авах болов?
-Энэ хоёр харахад өрөвдмөөр байсан. Нүд муутай ийм амьтадыг хэр баргийн хүн авахгүй. Одоо эрхтэн бүтэн амьтдыг үрчлүүлнэ гээд мэдээлэл гардаг. Тэрийг нь хүмүүс ерөөсөө анзаардаггүй авдаггүй. Тэгэхээр миний энэ хоёр нүд муутай хоёрыг мэдээж тоож авахгүй. Тиймээс миний төрөлхийн өрөвч сэтгэл татагдаад энэ хоёрыг үрчилж авсан. Ямар сайндаа үлдсэн амьдралд нь жаргалтай байлъя гээд хоёуланг нь үрчилж авсан.
-Таны ярианд “Азтай савар” ТББ гэж хэдэнтэй дурдагдлаа нийгэмд амьтадыг хамгаалах гэрэл болж буй байгууллага гэж боддог. Таны хувьд?
-“Азтай савар” ТББ гишүүд нь улам нэмэгдээд явж байгаа. Тэр дундаас бодитоор амьтанд тусалж байгаа хүмүүс ховор харагддаг. Тиймээс нэгэнт тэр “Азтай савар” ТББ-д гишүүнээр элссэн юм бол бүгд идэвхтэй байгаач. Зовсон амьтдыг бүгдийг нь жаргалтай байлгахын төлөө хэдүүлээ хамтран зүтгэе гэж нийт гишүүддээ хэлмээр байна.
-Зарим улсын нийгмийн бодлогод амьтадыг хайрлаж иргэдээ хүмүүжүүлэх, гэмт хэрэг багасгах гэх алсын зорилготой бодлогууд явж түүнийгээ ч дэмжиж, тэжээвэр амьтдыг хуульчилсан байдаг. Тэгэхээр таны хувьд амьтад хүнийг эерэг болгож хүмүүжүүлэх нь боломжтой юу. Амьтны тухай хууль батлагдаасай гэж хүсэж байна уу?
-Мэдээж батлагдаасай гэж хүсэлгүй яах вэ. Сүүлийн үед “Азтай савар” ТББ-ын группэд мөн фейсбүүк сошиал ертөнцөд ямар их нохой, муурыг дайрч байна аа. Би гайхдаг. Яагаад машинаа зөв жолоодож явж болдоггүй юм бэ. Бүхэл бүтэн амьтан урдуур нь явж байхад яагаад хурдаа сааруулж болдоггүй юм. Тэгээд дайрч хаячаад тоохгүй яваад өгдөг. Тэр бол үнэхээр аймшигтай. Хүний мөн чанар, хүн чанар алдагдсан байгаагийн л шинж л дээ.
Харин хүн чанарын хувьд наад зах нь бид гурвыг гарахад зарим хүмүүс “Наад нэг муухай нохойгоо аваач” гэж ад үзнэ. Янз янз болно. Хүүхдийн талбай дээр тоглоход ч гэсэн би хоёр нохойгоо өөрийн хүүхэд шиг өсгөдөг учраас гэр бүлийн хайртай гишүүн гэж үздэг болохоор байрныхаа гадаа бол асуудалгүй хүүхдүүдтэй зэрэгцээд тоглож байж болдог. Тэгэхэд бусад хүмүүс маш муухай араншин гаргана. Тэгэхээр энэ бүхнийг Амьтны тухай хуульд хэрхэн зохицуулахыг тодорхой зааж өгсөн байна.
Мөн хуулиар амьтан авчаад наад зах нь миний хоёр нохойг хаядаг шиг асуудал цэгцрэх болов уу гэж бодож байна. Бас замбараагүй үржүүлгийн газруудаа хянахгүй бол Монголд үүлдрийн нохойнууд гудамд маш ихээр гараад явж байна.
Тиймээс тэр замбараагүй үржүүлгүүд нь хязгаарлагдаж, амьтан зовох нь багсах болов уу гэж бодож байна. Амьтны хууль маш их хэрэгтэй. Хэрэв батлагдаад хэрэгжих юм бол амьтандаа ч хүндээ ч хэрэгтэй хууль юм.
ФОТО: