Г.Алтангэрэл: Монголдоо тэр тусмаа хөдөө суманд сайхан амьдарч болдгийг уриалах зорилгоор Галуут суманд амьдрахаар шийдсэн

Г.Алтангэрэл: Монголдоо тэр тусмаа хөдөө суманд сайхан амьдарч болдгийг уриалах зорилгоор Галуут суманд амьдрахаар шийдсэн

Монгол улс 3.5 сая хүн амтай. Үүнээс хагас нь Улаанбаатар хотод ажиллалж, амьдарч байна. Түгжрэл, утаа, стресс гээд асуудал мундахгүй энэ хотын юунд дурладагийг эс мэдэх ч залуус их хот руу тэмүүлэн зүтгэсээр.

Тэгвэл энэ удаад бид их хотоос тал нутгийг зорьсон залуу гэр бүлийг онцолж байна. Тэд бол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Алтангэрэлийн гэр бүл. Тэрбээр эхнэр болох жүжигчин Г.Номуун болон гурван хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Галуут суманд амьдрахаар очоод хэдийнээ төвхнөөд авчээ. "Хотод, орон сууцанд амьдарч байсны хувьд усаа зөөх, усанд орох, аяга тавгаа угаах гээд бэрхшээлтэй зүйл олон байгаа ч өөрсдийн хэмжээнд зохицуулаад, аргыг нь олоод л байна" гэж ярих түүний ярианаас гэр бүл, үр хүүхдээ гэх сэтгэл, Монгол ахуй соёлоо сурталчлан таниулах, мөн үр хүүхдэдээ сургах гэсэн чин сэтгэл харагдана.

Г.Алтангэрэл, Г.Номуун нар "Хөх Дөл" төслийг хэрэгжүүлэхээр зорьжээ. Уг төсөл жилийн дараа 16 анги бүхий контент болж үзэгчдэд хүрэх гэнэ. Мөн харийн орныг зорьж, мөрөөдөж буй залууст эх нутагтаа тэр тусмаа хөдөө хэрхэн сайхан амьдарч болохыг харуулах, уриалах зорилго тээн ийнхүү тал нутагт амьдарч, идээшиж байгаа гэнэ. Ингээд тэдэнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

- Сайн байна уу? Сайхан наадацгаасан уу? Наадмыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв? Танай гэр бүлийн хувьд энэ жилийн наадам өмнөх жилүүдээс арай өөр байсан болов уу? Хөдөөний наадмыг хэрхэн тэмдэглэсэн бэ?

Энэ жилийн наадам өмнө жилүүдийнхээс илүү онцлогтой, илүү завгүй өнгөрч байна. Галуут сумынхан маань наадмын үйл ажиллагааг нь найруулах, зохион байгуулах санал тавиад бид бүхэн хамтран ажиллаж байгаа учраас ойрын хэд хоног нэлээд завгүй байлаа.

- Хөдөө амьдрах шийдвэр гаргасан шүү дээ. Анх хэн нь энэ шийдвэрийг санаачилсан бэ? Бас олны танил, жүжигчин хүмүүсийн хувьд ажлаа хэрхэн зохицуулав?

Г.Алтангэрэл: Анх шийдвэрийг би гаргасан. Манай эхнэр жаахан гайхаж байсан ч эсэргүүцэлгүй эерэгээр хүлээж авсан. Хөдөө амьдрахаар шийдсэн явдалд маш олон хүчин зүйлс нөлөөлсөн. Гол нь Монголдоо, тэр тусмаа хөдөө сайхан амьдарч болдог гэдгийг харуулах, уриалах зорилгыг тээн ийнхүү шийдсэн. Мэдээж хөдөө амьдрахад бэрхшээлтэй зүйлс зөндөө л байгаа. Гэхдээ энэ бүх зүйлсийг даван туулж, өөрсдөө сайхан амьдралыг цогцлоох хэрэгтэй гэж бодож байгаа. Бид хоёр УДЭТ-ын жүжигчид. Ажлаасаа түр хугацаанд чөлөө авсан.

- Хөдөө сум мэдээж хотын хөгжил дэвшлийг хэрхэн гүйцэх билээ. Удаан хугацаанд амьдарсан гэр бүлийн хувьд яагаад ийм шийдвэр гаргах болов?

Хотод бол хүүхдүүдээ өглөө сургуульд нь хүргэж өгөх орой авах гээд л түгжрээнд хамаг цагаа бардаг хэрнээ маш завгүй өдөр хоногууд өнгөрдөг шүү дээ. Нэгдүгээрт бид гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаа ихэсгэж, нэн тэргүүнд тавьсан. Мөн үндэсний дархлаа болсон өв соёл, ахуй заншлаа өөрсдөө сурах, үр хүүхдүүддээ өвлүүлэх хэрэгтэй гэж эрхэмлэж явдгийн хувьд манай гэр бүл хөдөө нутгийг зорин ирсэн байгаа.

- Басхүү бэрхшээлтэй зүйлс олон л байгаа байх. Одоогийн байдлаар тулгамдаж буй асуудлууд юу байна?

Усаа зөөхөөс эхлээд асуудлууд их л дээ. Хотод бол усаа гойжуулаад аяга шанагаа угаачихдаг, усанд орчихдог. Хөдөө энэ бүхэн санаснаар болохгүй.

Гэхдээ бид өөрсдийнхөө хэмжээнд бүхнийг шийдээд, аргыг нь олоод л байна. Хотод бол бүх юмыг нь шийдчихсэн, амар хялбар байдаг. Нэг залгуур залгаад ч юм уу, нэг товчлуур дараад бүх юмаа хийчихдэг шүү дээ. Энд бол эсрэгээрээ бүх зүйлийг өөрсдөө хийж байна. Энэ нь хүүхдүүдийг багаас нь төлөвшүүлэхэд ч гэсэн хэрэгтэй. Хүүхдүүд илүү ажилсаг, хөдөлмөрч болно.

"Хөх дөл" гээд төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

Энд бид өв соёлоо өөрсдөө эрэл хайгуул хийж сурахыг эрмэлзэж байгаа. Өөрсдөө сурахаас гадна төслийн хүрээнд ажил хэрэг болгоод явах юм. Төсөл маань жилийн дараа дөрвөн бүлэг, 16 ангит контент болж үзэгчдэд хүрнэ. Маш монирхолтой, сонин содон санааг дэвшүүлсэн үндэсний хэмжээний контент болно гэж найдаж байгаа.

- Хөдөө амьдрахын давуу тал, сайхан зүйл нь байна? Хүүхдүүд нь хэр дасан зохицож байна?

Өглөө сэрэхэд тооноор нар тусаад л, үхэр мөөрөөд л мөн байгалийн үнэр, үзэмж гээд бүх зүйл нь шинэ, сонин содон, гоё байгаа. Дурдаад байвал сайхан зүйлс зөндөө л байна. Хамгийн сайхан нь таван минутын дотор бүх улсын ажил маань амжчихаж байгаа нь л сайхан байна. Хүүхдүүдэд их таалагдаж байгаа. Сумын төв юм уу аймаг орохоор л хөдөө рүүгээ явъя л даа гээд байдаг болчихсон.

- Хөдөө хэр удаан хугацаанд амьдрахаар төлөвлөж байна?

Хөх дөл төсөл маань жил гарны хугацаанд хэрэгжих төсөл байгаа. Энэ хугацаанд ямар ч байсан хөдөө байна. Манай гэр бүл, үр хүүхдүүдэд маань маш их өөрчлөлт гарах байх гэж бодож байгаа. Бид өөрсдөө өв соёлоо сурахаас гадна бусдад уриалж байгаа. Яг малчин бол гээд байгаа биш шүү дээ. Зүгээр л Монгол ахуйгаа сурч, үр хүүхдэдээ өвлүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг л уриалж байна даа. 

- Бидэнтэй цаг гарган ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.