Үндэсний их баяр наадам долдугаар сарын 11-13-ны хооронд болж өнгөрлөө. Монгол наадмын тухай дэлхийн томоохон хэвлэлүүдийн нэг болох CNN агентлаг онцлон өгүүлжээ.
Тус хэвлэлд "Олон аялагчид Монгол орон гэхээр л уудам тал нутаг, нүүдэлчдийн гэр, говь цөл бүхий газар нутаг, бүх цаг үеийн хамгийн алдартай дайчдын нэг Чингис хааны дүр төрхийг төсөөлдөг. Монголын эзэнт гүрний анхны хаан 1227 онд таалал төгссөн ч түүний нэр алдар домог болон мөнхөрч, энэ сайхан нутагт цуурайтсаар байна. Тус улсад жил бүр болдог хамгийн чухал арга хэмжээ болох Үндэсний их баяр наадам ч түүнд үл хамаарах зүйл огт биш.
Тус баяр мөн олон улсын жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг. Монгол наадам дэлхийд нэлээд алдартай болсон тул үзэхийг хүсч буй аялагчид 2024 оны долдугаар сарыг тэсэн ядан хүлээж байна.
“Nomadic Expeditions” аялал жуулчлалын компанийн захирал Г.Буяндэлгэр CNN-д өгсөн ярилцлагадаа, “Монгол наадам нь үнэндээ 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд Монголд нутагладаг овог аймгууд бие бие рүүгээ байнга дайран довтолж байсан тул уг наадам нь дайнд бэлтгэх хэрэгсэл байсан юм. Наадам гэдэг нь монгол хэлээр “тоглоом” гэсэн утгатай бөгөөд монгол бөх, сур харваа, хурдан морины уралдаан гэсэн гурван үндсэн тэмцээн багтдаг” гэж тайлбарлажээ.
Хэдэн зуун жилийн турш сур харвах, морь унах, бөх барилдах зэрэг нь тухайн бүс нутгийн нүүдэлчид төдийгүй монгол цэргүүдэд ур чадвар эзэмшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг байна.
Монгол наадмыг 2010 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн. “Монгол наадам бол монголчуудын нүүдэлчин соёл иргэншилтэй салшгүй холбоотой” гэж ЮНЕСКО-гийн бичээст өгүүлсэн байдаг.
Спортын гурван төрөл нь монголчуудын амьдралын хэв маяг, ахуй нөхцөлтэй шууд холбоотой. Мөн Наадмын зан үйл, зан заншил нь байгаль, байгаль дэлхийгээ дээдлэх сэтгэлгээг мөн тодотгож өгдөг аж.
Нээлтийн хамгийн онцлог үйл явдал нь Есөн цагаан тугийн парад юм. Есөн цагаан туг нь Монгол Улсын ариун сүлд бөгөөд ихэвчлэн Төрийн ордонд хадгалагдаж байдаг.
Мөн Улаанбаатар хотод улсын цолтой хэдэн зуун бөх хоёр өдрийн турш хасагдах журмаар есөн удаа барилдддаг. Энэ хооронд хурдан морины уралдаан Улаанбаатар хотын гаднах талбайд болдог. Эдгээр холын зайн уралдаан нь морины тэсвэр тэвчээрийг шалгадаг бөгөөд амьтдыг голчлон хурдан морь унаач хүүхдүүд унадаг байна" гэжээ.
Нийтлэлийн эх хувилбарыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.