Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, иргэд туйлдаж байна.
Статистикийн үндэсний хорооноос гаргасан мэдээллээр инфляцийн түвшин буюу хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ энэ оны зургаадугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар, өмнөх сараас нэг хувиар өсчээ. Энэ өсөлтөд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ илүүтэй нөлөөлж байна. Тухайлбал хүнсний бараа, ус, ундааны бүлгийн үнэ 18.2 хувиар, согтууруулах ундаа болон тамхины үнэ 7.3 хувиар, хувцас бөс бараа, гутлын үнэ 11.7 хувиар, гэр ахиун бараа бүтээгдэхүүний үнэ 10.6 хувиар тус тус өссөн байна.
Үндэсний их баяр наадам өнгөрч хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин өсөж байна хэмээн иргэд бухимдаж байгаа юм. Тиймээс бид энэ удаа өргөн хэрэглээний бараанаас голчлон ямар бүтээгдэхүүний үнэ илүү нэмэгдэж байгаа талаар найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагчдаас тодруулж иргэдийн амьдралд энэ нь хэрхэн нөлөөлж байгаа талаар сурвалжилан хүргэж байна.
ВИДЕО:
"Дөлгөөн нуур"-ын ойролцоо байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйгээс тодорхой ямар барааны үнэ илүү өсөж байгаа эсэх мөн иргэдийн хандлага үүнд ямар байгаа талаар асууж тодруулахад тэрбээр,
"Үйлдвэрээсээ л нэмэгдэж ирээд байгаа. Манайх ч бас ашгийн байгууллага учраас 15 хувиа нэмээд зарахаас өөр арга байхгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс сүү, талх, гурилан бүтээгдэхүүний үнэ хамгийн их нэмэгдсэн.
Багадаа нэг ширхэг нь 500-1000 төгрөгөөр нэмэгдэж байна.
Иргэд мэдээж бидэнд л бухимдлаа илэрхийлнэ. Энэ чинь яагаад үнээ нэмээд байгаа юм гээд уурлах жишээтэй. Үнэхээр үйлдвэрээсээ үнээ нэмж ирээд байгаа зүйлийг бид яалтай билээ" гэсэн юм.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг иргэдээс тодруулахад,
Иргэн А, "Юмны үнэ мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч хаанаа ч хүрэхгүй байна. Талх болон гурилны үнэ бүр замаа алдлаа. 25 кг-ийн гурил авахад л 52000-аар авч байна шүү дээ. Ер нь иргэдийн амьдрал тун хүндхэн байна даа" гэлээ.
Иргэн Б, "Тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмчхээд л талхны үнэ сая баяр болоод өнгөрөхөд ахиад 50 төгрөгөөр нэмчихсэн байна. Дэлгүүрээс асуухаар цаанаасаа ингэж ирж байгаа юм. Бид нар жоохон нэмчихдэг юм гэж хэлдэг. Ингээд үзэхээр бидний мөнгө хаанаа ч хүрэх билээ дээ. УИХ-ын гишүүд бид шиг 500 мянган төгрөг аваад нэг сар амьдраад үзэх хэрэгтэй. Эсвэл доод талын тэтгэврээ нэмэхийг хүсэж байна" гэсэн юм.
Юмны үнэ өсөж байгаа нь үнэн. Энэ нь иргэдийн ч худалдаа эрхлэгчдийн ч амьдрал ахуйд хүндээр тусаж байна.
Тэгвэл өнгөрсөн жилийн хавар юмны үнэ нэмэгдэж байгааг иргэд эсэргүүцэн төв талбайд жагсаж байсныг санаж буй биз ээ. Үүний дараагаар 2022 оны дөрөвдүгээр сард батлан гаргасан "Гол нэр төрлийн зарим бараа бүтээдэгхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах" тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Тус хуулийн 5.1.3 дугаар зүйлд "санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан энэ хуулийн 3.2.1-д заасан бараа, бүтээгдэхүүний импортод шаардлагатай гадаад валютыг ханшийн эрсдэлийг бууруулж импортлогчдод нийлүүлэх бөгөөд банк энэ эх үүсвэрээр ашиг олох зорилгоор арилжаа хийхийг хориглоно" гэж заажээ.
Гэвч үйлдвэрлэл эрхлэгчид түүхий эдийн үнийг цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаатай уялдуулан өдрөөс өдөрт нэмж байгаа талаар онцлон өгүүлье. Өндөр настнуудын тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ түүнээс давуу нэмэгдлээ. Дахин өнгөрсөн оных шиг жагсаал цуглаан хийж байж, юмны үнийг тогтоон барих шаардлагатай юу. Өнгрөсөн онд батлагдсан хуулийн төслийн хэрэгжилт, ажлын хэсгийн үр дүн хэрхэн, хаана харагдаж, мэдрэгдэж байгаа нь тун чиг эргэлзээтэй.