Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил хийж буй.
Дээрх 0.6 км замыг долоодугаар сарын 22-24-ний хооронд засахаар төлөвлөж байсан ч бороо орсны улмаас өчигдөр буюу долоодугаар сарын 26-ны 22:00 цагаас хааж, асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн.
Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар “Баяр наадмын амралт эхэлж, Улаанбаатар хотын замын зорчилт хөдөлгөөн сийрэг байгаа үед зам засварын ажлыг хийж байна. Мөн иргэд ажлаа зохицуулах тул зам хаах тухай мэдээллийг 2-3 хоногийн өмнө урьдчилж өгөх, зам засварын ажлаа хурдан шуурхай, хугацаанд нь хийж, ашиглалтад оруулах хэрэгтэй” гэлээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар, "Өнөөдөр 17:00 цагт хучилтын ажил дуусаж, тэмдэг, тэмдэглэгээ хийж эхэлнэ. Маргааш 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Маргааш Чингисийн музейгээс ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг засна. Хичээл эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 10-н гэхэд зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Замын ээлжит засварыг 16 байршилд хийхээр төлөвлөсөн. Борооны улмаас засварын ажлуудыг хийх хугацаанд өөрчлөлт орлоо. Ээлжит засвар хийж байгаа замууд нь ус зайлуулах шугамтай. Шинээр төлөвлөж байгаа замуудыг зураг төслийн дагуу борооны ус зайлуулах иж бүрэн шугамтай хийж байгаа" гэлээ.