Энэ сарын 12, 13 /2023.07.12-13/- ны өдөр БНХАУ-д ажлын айлчлал хийсэн ОХУ-ын ерөнхий прокурор И.Краснов Хятадын Ерөнхий прокурор Ин Яанд хандаж, "Та ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга Н.П.Патрушевтай уулзахдаа "Манай дотоод хөрш Монгол улсад барууны нөлөө нэмэгдэж буйтай холбогдуулан Орос-Хятадын хэлэлцээг эрчимжүүлэх, гурван талт харилцааг нэмэгдүүлэх шаардлагатай"-г тэмдэглэсэн байсан. ОХУ-ын талаас байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах гурван талт хэлэлцээрийн төслийг Монгол улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн" гэж мэдэгдсэн хэмээн зарим хэвлэл мэдээлсэн.
Харин зарим иргэд оросууд Монгол Улсыг "өөрийн дотоод хөрш" хэмээн нэрлэж, манай дотоод асуудалд оролцох гэлээ хэмээн нэлээдгүй эсэргүүцсэн. Тухайлбал, хотын дарга асан Э.Бат-Үүл "Өдрийн сонин"-ны 7 дугаар сарын 20-ны өдрийн дугаарт, "Тэр оросын прокурор Монгол ямар хамаатай юм. Бид тусгаар улс шүү дээ" хэмээн ярилцлага өгсөн.
Тэгвэл хотын дарга асан Э.Бат-Үүлийн ярилцлагыг оросын "Планета Монголия" гэх телеграмм суваг шүүмжилжээ. Тус мэдээлэлд, "Аль хэдийн домог болсон Э.Бат-Үүл дахин гялалзахыг оролдож буй бололтой. Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл бол В.Лениний хөшөөг нурааснаараа алдаршсан нэгэн. Одоо тэрээр Эрдэнэт хотын түүхэнд В.Зеленскийг мөнхжүүлэхийг санал болгоод байгаа юм.
ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов долдугаар сарын 12-13-нд Бээжинд айлчлахдаа хэлсэн “Манай дотоод хөрш” гэсэн үгэнд монголын АН-ын улстөрчид нэлээдгүй эгдүүцэж байна. Учир нь Игорь Краснов олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ Монголыг дурдаад барууны орнуудын нөлөө улам бүр нэмэгдэж байгаа талаар дурдсан юм. Харин Э.Бат-Үүл үүнд их эмзэглэж байна. Учир нь барууны орнуудын нөлөө монголд суларна гэсэн төсөөлөл нь түүнийг маш ихээр айлгаж байна" гэж шүүмжилжээ.