ВИДЕО: БШУЯ-ны шийдвэрээр нэр бүхий 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон ч, зарим сургууль элсэлтээ авсаар байна

ВИДЕО: БШУЯ-ны шийдвэрээр нэр бүхий 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон ч, зарим сургууль элсэлтээ авсаар байна

Улсын хэмжээнд нийт 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 16 нь төрийн өмчийн, 50 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн өмчийн сургалтын байгууллага байна. 147 мянган гаруй оюутан суралцаж байна.

Өнгрөсөн жил буюу 2022 оны наймдугаар сард боловсролын чанарыг илүү сайжруулах зорилгоор Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн дагуу Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нэр 13 их дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Гэвч эдгээр сургуулиуд зарим нь энэ жил дахин элсэлтээ авч байгаа юм. 

ВИДЕО:

Үүнд:

  1. Газарчин дээд сургууль
  2. Зүүн хүрээ коллеж
  3. Маргад дээд сургууль
  4. Монголын менежмент, технологийн дээд сургууль
  5. Монголын хүний нөөцийн удрдлагын дээд сургууль
  6. Номэра дээд сургууль
  7. Рафлэс ОУ-ын институтын Улаанбаатар дахь салбар сургууль
  8. Түшээ дээд сургууль
  9. Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
  10. Улаанбаатар эрдэм их сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль
  11. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
  12. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар тус тус багтжээ.

Эдгээр сургуулиудыг элсэгчгүй, сургалтын материаллаг бааз, орчин нөхцөл, сургагч багш нарын мэргэжлийн зэрэг их, дээд сургуулийн мэдлэг олгох түвшинд шаардлага хангаагүй, тэнцээгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нв зогсоосон юм. Мөн дээрх 13 их, дээд сургуульд нийт 163 багш, 1567 оюутан суралцаж байсан. Эдгээр сургуулиуд энэ жил дахин элсэлтээ авч байна гэх мэдээллийг тодруулахаар бид холбогдох сургалтын албаны мэргэжилтнүүдтэй холбогдсон юм.

Элсэлтээ авч байна гэх Улаанбаатар эрдэм их сургуулийн харьяа Эко Азо дээд сургуулийн сургалтын албаны  мэргэжилтэн, “ Манайх “Экологи байгаль хамгаалал” гэсэн эчнээ ангидаа элсэлт авч байгаа. Бүтэн жилийн төлбөр нь 2 сая 450 мянган төгрөг. Манайх Улаанбаатар эрдэм их сургуулийн бүрэлдэхүүн Эко Ази байгаль орчны их сургууль гэсэн статусаар явж байгаа. Их сургууль болж ангилал дэвшсэн гэсэн үг" гэлээ.

Харин Маргад Дээд сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн, "Манай сургууль элсэлтээ авч байгаа. Цэцэрлэгийн багш, Барилгын инженер, Бага ангийн багш, Геологийн багш гэсэн мэргэжлүүддээ элсэлт авч байна. Кредит төлбөр нь 120 мянган төгрөг байдаг. Сайдын тушаалаар манай сургуулийг хаах шийдвэр гарсан тул Улаанбаатар эрдэм их сургуулийн харьяа сургууль гэсэн статустай явж байгаа. Маргад дээд сургууль гэдгээр диплом гарахгүй гэсэн үг" гэсэн юм.

Зүүн хүрээ коллежийн сургалтын албаны мэргэжилтэн, “Манайх найдмугаар сар гаргаад элсэлтээ авч эхэлнэ. Өдрийн болон оройн ангидаа төвд хэл, санскрит хэлний ангиудад элсэлтээ авч байгаа. Сайдын тушаал гарсны дараагаар манайх албан ёсны коллежийн зэрэг өгөхгүй сертификат  олгож байгаа” гэсэн юм.

Бид бусад сургуультай холбогдож үзэхэд Газарчин дээд сургууль, Номэра дээд сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулиуд элсэлтээ зогсоосон бол Түшээ дээд сургууль, Далай ван дээд сургуулиуд Идэр их сургуультай нэгдсэн байна.

Харин Монголын менежмент, технологийн дээд сургууль, Монголын хүний нөөцийн удрдлагын дээд сургууль, Рафлэс ОУ-ын институтын Улаанбаатар дахь салбар сургууль, Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиуд элсэлтээ авах эсэх нь тодорхойгүй байна. БШУЯ-ны шийдвэрээр хаагдсан дээр сургуулиудын ихэнх нь үйл ажиллагааны чиглэл болон харьяа статусаа өөрчлөн сургалт явуулсаар байгаа юм. Бид БШУЯ-ны их дээд сургууль хариуцсан мэргэжилтэн н.Тамираас дээрх харьяаллаа өөрчлөн сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байгаа нь хуульд нийцэх эсэх, ямар нэгэн арга хэмжээ авах эсэх талаар тодруулахад тэрбээр,

“Тусдаа бие даан үйл ажиллагаагаа явуулаагүй аль нэг сургуулийн харьяанд орж, салбар сургууль гэх нэрээр явж байгаа бол асуудал гарахгүй.

Мөн ямар нэгэн байдлаар бие даан элсэлт явуулсан тохиолдолд бид нэн даруй арга хэмжээ авах болно. Одоогоор бие даан үйл ажиллагаа явуулж байгаа сургууль байхгүй” гэсэн юм. Ийнхүү БШУЯ нь хаах шийдвэр гаргасан ч дор бүрнээ үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулсаар, элсэлтээ авсаар байгаа дээрх их, дээд сургуулиудад ямар ч арга хэмжээ авсангүй, цаашид ч авахгүй гэнэ. Ийнхүү тоо нь цөөрсөн хэдий ч чанарын ялгаа огт гарсангүй.