ШУУД: Дунд голд живж нас барсан эрэгтэй нь сэтгэцийн өөрчлөлттэй байсан гэв /LIVE/

ШУУД: Дунд голд живж нас барсан эрэгтэй нь сэтгэцийн өөрчлөлттэй байсан гэв /LIVE/

Хэд хоног үргэлжилсэн аадар борооны улмаас голууд үерлэж, иргэд усанд эрсдэх тохиолдол нэмэгдэж буй. Ингэхдээ ихэвчлэн аялал зугаалгад явахдаа эсвэл сэлэх гэж үертэй голуудад орохдоо эрсдэж байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн Ням гарагт /2023.07.30/ Нийслэл хот дагуу урсаж буй “Дунд” голоос 53 настай эрэгтэйн цогцос олдсон байна.

ВИДЕО:

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ирээдүй” хотхоны баруун талд “Дунд” голд эрэгтэй хүний цогцос хөвж байна гэсэн дуудлагыг 07.30-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж “Дунд” голоос Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо хүртэл иргэн Б /53 настай, эрэгтэй/-ын цогцсыг 5 минут ажиллаж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн талар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Мөн тус мэдээллийг ойр орчмын оршин суугчдаас тодруулахад, "Хэд хоногийн өмнө манай энэ хавьд нэг иргэн алга болж, хэд хоног л цагдаа сэргийлэхийн ажилтнууд ойр орчмоор хайсан. Магадгүй тэр хүн мөн байх. Тэр хүнийг хайж байсан хүмүүсийн хэлж байснаар бол дайрлага дайрч, ой ухаан нь гарч орон, гэрээ олохгүй байгаа 40 гаран насны хүн гэсэн. Хэрэв тэр хүн мөн бол "Ирээдүй" хотхоны оршин суугч байсан" гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. Тус иргэн одоогоор яаж амиа алдсан нь тогтоогдоогүй байгаа бөгөөд "усанд эрэгтэй хүний цогцос хөвж байна" гэх иргэний дуудлагын дагуу живсэн иргэнийг голоос гаргасан байна.

Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, голуудын үерийн түвшин буурах хүртэл голын эрэг орчимд отоглож, салхилахгүй байхыг анхааруулж байна. Мөн өнгөрсөн хэд хоногийн үргэлжилсэн борооны улмаас голуудын үерийн түвшин нэмэгдэж, эрэг дагуу нурах эрсдэлтэй байгаа тул хүүхдээ хараа хяналттай байлгаж голоос хол байхыг сэрэмжлүүлэх үүднээс бид “Дунд” голоос мэдээллийг шууд дамжуулан хүргэлээ.